Хэвшил болоогүй бол хуримтлал үүсгэх тийм ч амар биш. Та өөрийнхөө зарцуулж сурсан хэмжээнээсээ багыг зарцуулж, зарим нэг хэрэглээгээ танах хэрэгтэй болдог. Гэвч судлаад үзвэл өөртөө мэдэгдэхгүйгээр бага багаар хуримтлуулах аргууд өчнөөн байна. Та өөртөө ч, хүүхдэдээ ч хэвшүүлж болох хуримтлал үүсгэх хялбар 9 аргыг танилцуулъя.
365 өдрийн турш өдөр бүр бага багаар хуримтлуулах
Та эхний өдөр 100₮, дараагийн өдөр 200₮, 3 дахь өдөр 300₮ гэх мэтээр өдөр бүр зуу зуун төгрөг нэмэн 365 хоногийн турш хуримтлал үүсгэвэл нэг жилийн дараа нийт 6,679,500₮ хуримтлуулсан байх болно. Туршаад үзье гэж бодогдож байна уу? Яг өнөөдрөөс эхлээрэй.
Түрхэн зуурын сэтгэл хөдлөлд авталгүйгээр, урт хугацаанд өөрт хэрэгтэй зүйлсдээ илүү анхаараарай
Жишээ нь дэлгүүрт нэг гоё цамц олж хараад авчихдаг ч юм билүү гэж бодогдох үе гардаг даа? Энэ үедээ тэр цамцныхаа үнэтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээд цамцыг харин байранд нь үлдээгээрэй. Угаасаа цамцанд үрэх л гэж байсан мөнгийг хадгаллаа гээд хожно уу гэхээс алдах юмгүй. Үнэхээр ямар нэг эд зүйлийг авахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байвал энэ зүйлгүйгээр одоог хүртэл амьдарч болсоор л ирлээ, авахгүй байлаа гээд юу алдах билээ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Зарим нэг зүйл угаасаа байсан ч, байгаагүй ч ялгаагүй байдаг.
Хүүхдэдээ ч бас чихэр, шоколад, тоглоом авъя гэхэд нь татгалзах тохиолдол өчнөөн л бий. Энэ үедээ хүүхдээсээ үнэхээр чухал хэрэгтэй юу эсвэл оронд нь хадгаламждаа мөнгө хийх үү гэж санал болгож байгаарай. Үүний өмнө мэдээж хүүхдэдээ хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулчихсан байх хэрэгтэй – хүүхдүүд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, илүү ухамсартай байдаг.
Баяр ёслолоор гаргадаг зардлаа бага зэрэг танаад хадгаламж руугаа хийх
Төрсөн өдрөө заавал жил бүр тэмдэглэх үү? Зарим жил тэр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйн өөртөө бэлэглэх ч бас боломжийн санаа шүү. Шинэ жилээр бүсгүйчүүд даашинз, үс засалт, нүүр будалт, маникюр, педикюр гээд л маш их зардал гаргадаг. Зарим нэг гоо сайхны үйлчилгээг өөрөө өөртөө хийчхэд л 200,000 – 300,000₮-ийг хадгаламждаа хийх боломжтой болно.
Хүүхдүүд ч бас нэг жилд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр гээд зөндөө их бэлэг авдаг. Зарим баяраар бэлэгний оронд хадгаламж руугаа мөнгө хийе гэж хүүхэдтэйгээ тохиролцож ч болох юм. Мөн зарим хүмүүс бэлэгний оронд мөнгийг нь өгчихдөг. Түүнийхээ талыг нь ч болтугай хадгаламждаа хийхийг хүүхдэдээ сургаарай. Одооны тав тухаас илүүтэйгээр ирээдүйн сайн сайхандаа анхаарах төлөвшилийг хүүхдэдээ олгох нь зөвхөн мөнгөн дээр ч биш амьдралынх нь бусад зүйлд ч хэрэг болно.
Бэлэн мөнгөнөөсөө тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах
Энэ тохиолдолд та аль ч дэвсгэртийг сонгон цуглуулж болно. Жишээлбэл:
- 500₮ хүртэлх мөнгөн дэвсгэртүүд
- Зөвхөн 1000₮ дэвсгэртүүд
- Зөвхөн 5000₮ дэвсгэртүүд гэх мэтчилэн та өөртөө илүү боломжийн санагдаж байгаа дэвсгэртээ сонгон цуглуулах.
Жишээлбэл та 1000₮ сонгосон бол таны түрийвчид 1000₮ орж ирэх болгонд үрэлгүйгээр хадгаламжийн шил рүүгээ хийх. Заавал шил гэж байгаа нь цуглуулж байгаа мөнгөө нэмэгдэхийг харан урам авах ба шилэн дээрээ юунд зарцуулах гэж байгаагаа биччихвэл бүр ч янзтай.
Төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руугаа хийх
И-баримтаас мөнгө хожих, бооцоонд ялаад мөнгө авах, газраас мөнгө олох гэх мэт гэнэтийн орлогыг үрэлгүй хадгаламж руугаа хийх. Учир нь энэ бол төлөвлөгдөөгүй орлого буюу та энэтэй, энэгүй болох л байсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ хуримтлал руугаа хийлээ гээд танд алдах юм огтхон ч байхгүй.
Мөн цалин тань нэмэгдэх, бонус авах, 13-р сарын цалингаа авах гэх мэтээр орлого тань нэмэгдвэл нэмэгдсэн дүнг нь хадгаламж руугаа хийх – логик нь бас л адилхан, та энэтэй, энэгүй болгосоор л ирсэн.
Худалдан авалтын дүнгээ тоймлон, зөрүүг нь хадгаламж руугаа хийх
Та жишээлбэл гэрийнхээ хүнсийг цуглуулаад нийт дүн нь 46,300₮ боллоо гэж бодъё. Тэгвэл та энэ дүнгээ 50,000₮ гэж тоймлоод зөрүү болох 3700₮-ийг нь хадгаламж руугаа хийгээрэй. Энэ мэтээр зарлага болгоноо тоймлоод зөрүүг нь хуримтлуулаад байвал таны санхүүд нэг их хүндрэл учруулахгүй мөртлөө л гайгүй дүнтэй хуримтлал үүсчихсэн байх болно.
Хямдралтай худалдан авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа хийх
Та ямар нэг зүйл худалдаж авах гээд очтол хямдарчихсан байх тохиолдол хааяа гардаг уу? Тэгвэл хэмнэсэн мөнгөө хадгаламж руугаа хийгээрэй. Угаасаа л бүтэн үнийг нь тооцоолоод мөнгөө төсөвлөчихсөн байсан юм чинь...
Тогтмол гаргадаг чухал биш зардлаа тодорхой хугацаанд хадгалж үзэх
Өдөр болгон кофе шопоос кофе авч уудаг уу? Өдрийн хоолны дараа заавал амттан авч иддэг үү? Тамхи татдаг уу?
Аяга латте 5000₮, хайрцаг тамхи 4000₮, нэг шоколад 3000₮. Өдөр болгон авбал жилд 1,825,000₮; 1,460,000₮; 1,095,000.
Эдгээр зүйлсийг огт авахгүй бол жилд 1-2 сая төгрөг, өнжөөд нэг авбал жилд 500,000 – 1 сая төгрөг хэмнэх нь байна. Авахгүй гүрийх болгондоо үнийн дүнтэй нь тэнцэх мөнгийг хадгаламж руугаа хийгээд үзвэл яаж байна? Хэцүү байж магадгүй ч туршаад үзэж болох л юм…
Хамгийн сонгодог арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах
Ингэснээр таны данснаас хуримтлалын данс руу тань сонгосон тогтмол хугацаа, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100,000₮ хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр таны хуримтлал өссөөр байх болно.
Хадгална гэхээр хамаг дуртай зүйлсээсээ татгалзаад нэг л сэтгэл ханамжгүй амьдрах юм шиг санагдаж байна уу? Харин тодорхой зорилготой хадгалбал ингэж санагдахгүй. Том зорилгын дэргэд ганц цамц, ганц шоколад зэрэг юу ч биш санагдах болно. Таны том зорилго юу вэ?
Холбоотой нийтлэл: Хэмнэлт хийх хялбар арга