Энтрепренер сэтгэлгээтэй хүмүүс цаг үргэлжид л өндөр эрсдэлийг үүрч, шинэ зүйлийг олж нээж, сонирхож буй талбарынхаа болон өөрийнхөө лимитийг шалгаж үзэж байдаг хүмүүс. Тэд ямар ч эрсдэлийг түүнтэй тэнцэх хэмжээний боломж гэж хардаг бөгөөд амжилттай бизнес эрхлэгчдийн түүхийг судалбал алдсан нь оносноосоо их байх тохиолдол цөөнгүй. Ямар ч алдааг даваад гарах боломжтой хэдий ч санхүүгийн буруу эргэлт шинэ бизнесүүдэд хамгийн хүнд эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ шинэ бизнес эрхлэгч таны зайлсхийх ёстой санхүүгийн 5 алдааны талаар урьдчилан сануулахаар шийдлээ.
1. Хувийн болон бизнесийн дансаа тусад нь байлгаагүй байх
“Би дөнгөж шинэ бизнес ганцаараа эхэлж байж яаж хувийн данс, бизнесийн дансаа тусдаа байлгах вэ дээ, энэ бол амаргүй зүйл...” гэж бодогдож л байгаа бол та буруу хөл дээрээ босож байна гэсэн үг. Амаргүй хэдий ч цаашдаа бизнес тань өсөж хөгжих үед энэ илүү хэцүү болно уу гэхээс амар болохгүй. Өөрийн хувийн болон бизнесийн санхүүгийн байдлаа бодитоор үнэлж, аливаа санхүүгийн шийдвэрийг бодит тоон дээр үндэслэн гаргахын тулд таны энэ 2 данснууд анхнаасаа тусдаа байх хэрэгтэй. Энэ нь мөн таны бизнес амьдралд тань хэр зэрэг үр нөлөөтэй байгааг бодитоор харахад ч тустай. Бизнестээ хөрөнгө оруулах ёстой мөнгөөрөө хувьдаа худалдан авалт хийгээд, эсвэл хувийн санхүүгээ хэт дордуулан байж бизнестээ хөрөнгө оруулаад түүнийхээ ROI (return on investment буюу хөрөнгө оруулалтын өгөөж)-ийг тооцож чадахгүй байвал таны хувийн болон бизнесийн өсөлт хөгжил ойлгомжгүй, замбараагүй, муугаар бодоход дампуурах эрсдэл өндөр болж байна гэсэн үг. Тиймээс анхнаасаа л бизнесийн дансаа хувийнхаасаа тусдаа байлгаж, боломжтой бол мэргэжлийн хүнээс дэмжлэг авч хамтран ажиллах хэрэгтэй.
2. Хэт эрт хэт том хөрөнгө оруулалт хийх
Хэрэв та ХААН Бизнесийн бэлтгэдэг зөвлөгөө видеонуудаас үзэж байсан бол аливаа зүйл анхнаасаа томоор эхлэх албагүй гэдэг зөвлөгөөг сонсож байсан байх. Шинэ бизнес эхлэхдээ бүх зүйлийг л төгс хийхийг хүсэж хамгийн гоё байрлалтай оффис, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хамгийн шилдэг вэбсайт гээд л хамгийн хамгийн болгоныг хүсэх нь аргагүй. Гэхдээ тийм түвшинд очиход цаг хугацаа хэрэгтэй. Цаг нь болоогүй байхад юм бүхэнд хэтэрхий яарснаар ROI-ийг хүлээж бизнесийнхээ ашиг орлогоо мэдрэхгүй удаан хугацаанд санхүүгийн хүндрэлтэй байдалд байж, магадгүй дампуурна, эсвэл мөрөөдсөн болгоноо нэг дор бий болгож чадахгүй байгаадаа гутарч, эхлэхээсээ өмнө бууж өгнө… Аль нь ч аз жаргалтай төгсгөл биш тул эхний ээлжинд хамгийн чухал зүйлсдээ л хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Орлого тань нэмэгдэх тусам дараа дараагийн шат руу ахиж, мөрөөдөлдөө хүрэх тул юуг, хэзээ гэдгээ маш сайн төлөвлөөрэй.
3. Хувьдаа том худалдан авалт хийх
Бизнесийн болон хувийн дансаа тусдаа байлгалаа гээд хувийнхаа мөнгөөр юу дуртайгаа аваад, өндөр зардал гаргаад байж болно гэсэн үг биш. Таны бизнесийн санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ч өндөр ROI өгөх боломжтой гэнэтийн боломж гарч ирэх, эсвэл ямар нэг зүйл төлөвлөснөөс эсрэгээр болж ихээхэн хэмжээний мөнгө хэрэг болох үед танд хувийн данснаасаа хөрөнгө гаргах зайлшгүй шаардлага тулгарч магадгүй. Ийм үед байр, машин зэрэг хөрвөх чадвар багатай хөрөнгөнд ихээхэн мөнгө зарцуулчихсан байж болохгүй, харин ч аль болох бэлэн мөнгөний нөөцтэй байхыг хичээх хэрэгтэй. Цаашдаа илүү их орлогын урсгалтай бизнесийг бий болгохын үед эхэн үедээ бизнесийн болон хувийн зардлаа аль болох бага байлгаж, өсөж үржих боломжтой зүйлд хөрөнгө мөнгөө зарцуулдаг байх нь илүү оновчтой сонголт юм.
4. Emergency fund” буюу зөвхөн онц шаардлагатай үед л
ашиглах нөөцгүй байх
Emergency fund гэдэг бол таны юу ч болж байсан хүрч болохгүй мөнгө гэж ойлгоход болно. Бизнестээ ч, хувьдаа ч нэг нэг ийм данс гаргаад, тэрийгээ байгаа гэдгийг бүр мартчих хэрэгтэй. Хэмжээний хувьд хамгийн багадаа 3 сарын зардлаа нөөцөл гэж зөвлөдөг бөгөөд мэдээж хэрэг таны бизнес өсөж орлого, зарлага тань ихсэх үед emergency fund-ны тань хэмжээ ч дагаад өсөж байх ёстой. Тэгээд үүнийг хэрэглэхүйц ноцтой нөхцөл байдал үүсэхгүй гэж найдах хэрэгтэй гэхээр яг ямар үед л ашиглаж болох вэ гэдэг нь ойлгомжтой болж байгаа биз... Энэхүү онцгой шаардлагатай үед л хэрэглэх нөөц нь энтрепренерүүд шиг эрсдэлээс айдаггүй хүмүүст ямагт бэлэн байх, нэг ёсондоо таны зоригтой алхмуудыг хүчирхэгжүүлэх “safety net” болж байгаа юм.
5. Бизнесийн тодорхой төсөвгүй байх
Бодит байдал дээр өдөр тутамдаа орлого, зарлагаа хөтөлдөг, ойрын ирээдүйн санхүүгээ нарийн төлөвлөж төсөвлөдөг хүн ховор байдаг. Арай санхүүгийн сахилга бат сайтай нь толгойдоо санхүүгийн төлөвлөгөөний дүр зургаа буулгасан байдаг ч, яг цаасан дээр буулгадаг нь бол цөөн. Тэрээр шинэ бизнес эхлүүлэхдээ яг энэ чигээрээ толгойдоо буулгасан төлөвлөгөөгөөрөө бизнесээ удирдах гээд байдаг хандлага жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд ихээхэн тохиолддог. Зарим нэг нь одоохондоо ингэж байгаад томроод ирэхээрээ нарийн тооцоотой болно гэж боддог ч, өмнө нь дурдаж байсанчлан анхнаасаа эмх цэгцтэй, төсөв тооцоотой байхгүй бол дараа нь түүнийг цэгцэнд оруулах гэж цаг алдахын зэрэгцээ аль хэдийн санхүүгийн буруу шийдвэрүүд гаргасан байх вий. Түүнээс гадна төсөв тооцоолол урьдчилан гаргах нь танд бизнестээ тодорхой зорилго тавьж, үр дүндээ анализ хийж, дараа дараагийн сайжруулах арга замууд, нэмэлт хөрөнгө оруулалтуудаа төлөвлөх боломжийг нээж байдаг.
Сэтгэгдэл үлдээх