<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Томоохон байгууллагууд хямралыг хэрхэн давж байсан бэ?

Khan Business
Нийтлэсэн Khan Business on Jul 2, 2020 4:46:26 PM

COVID-19 вирусийн тархалт дэлхийн эдийн засгийг зогсолтод оруулж жижиг айл өрхөөс эхлээд томоохон байгууллагууд хүртэл санхүү, эдийн засгийг хувьд зогсолт, уналтад ороод байна. Та бидний мэдэж байгаагаар энэ хямрал нь дэлхий нийтийг хамраад байгаа анхны эдийн засгийн хямрал биш билээ. 2007-2009 онд мөн л адил том, жижиггүй байгууллага, өрх бүр хямралд өртөж, өөр өөрийн арга замаар туулаад гарсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өмнө томхон сорилт тулгараад буй өнөөгийн нөхцөлд байдалд өмнө нь томоохон байгууллагууд хямралын үеэр ямар стратеги баримталж байснаас хуваалцъя.

 

Lego

 

Их хямралын үеэр айл өрхийн хамгийн чухал хэрэгцээнд байшин барьдаг хуванцар тоглоомууд орохгүй нь л лавтай. Гэсэн хэдий ч 2008-2009 оны үед тус компанийн орлого 63%-аар нэмэгдсэн байна. Үүний нууц нь Lego бүтээгдэхүүний зах зээлээ зөвхөн барууны улсуудаар хязгаарлалгүй, Азийн зах зээлд нэвтрүүлж эхэлсэн байна. Тиймээс бизнес эрхлэгч та өөрийн сегментээ дахин нэг анзаарч, цар хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлээрэй.

 

Groupon

 

Хэрэв та эд хямралын үеэр шинэ бизнесээ дөнгөж эхлүүлээд байгаа бол бүү санаа зовоорой. Цаг үеэ олсон, мэдрэмжтэй санаа бодоод олчихвол амжилт олох боломж үргэлж нээлттэй байдаг. Үүний нэг жишээ бол Groupon-ны бизнес модел юм. Тэднийг зах зээлд анх нэвтрэхэд дэлхийн эдийн засгийн хямрал эд дундаа явж байсан хэдий ч бизнесийн санаа нь хямралд өртөөд буй бизнесүүдэд ч, иргэдэд ч ихээхэн тус дэм болж байсан тул хямралыг хотойхгүй давсан юм.

*Groupon гэдэг нь таны байршлаар ойр хавьд байгаа үйлчилгээний газруудын хямдрал, урамшууллыг нэгтгэсэн аппликэйшн.

 

Ford

 

Бүх л машин моторын компаниудын адилаар Форд ч бас их хямралын үеэр борлуулалт нь эрс буурч, ирээдүй нь тун бүрхэг харагдаж байлаа. Гэсэн хэдий ч Гүйцэтгэх захирал Алан Мюлали үйл ажиллагаандаа бүрэн шинжилгээ хийж, зарим модел, бүтээгдэхүүнүүдийнхээ үйлдвэрлэлийг зогсоох, брэнд имиджээ шинэчлэх гэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зогсолтгүй авч байсны үндсэнд 2009 оны сүүлчээр борлуулалт нь 2.7 тэрбум долларт хүрсэн. Тэгэхээр магадгүй хямралыг бизнестээ бодит дүн шинжилгээ хийх боломж гэсэн өнцгөөр харж ч болох юм.

 

Amazon

 

Эдийн засгийн хямрал өргөн хэрэглээний барааны бизнест хамгийн хүндээр тусдаг. Иргэдийн худалдан авалт эрс буусан энэ үеэр Amazon борлуулалтаа 25%-аар өсгөж чадсаны нууц нь зөвхөн хямд үнэ санал болгох төдийгүй, хүмүүсийн худалдан авалт ихсэх баярын үеүдэд тааруулж Kindle 2 зэрэг шинэ бүтээгдэхүүн санал болгож байсан юм. Хэрэв таны бизнес Amazon шиг өргөн хэрэглээний бараа борлуулдаг бол хүмүүс ердийнхөөс арай их зарцуулалт хийдэг байр ёслолын үеэр борлуулалтаа идэвхжүүлэх арга хэмжээ аваарай.

 

Netflix

 

Бидний одоогийн мэдэх Netflix анх эхлэхдээ онлайн биш байсан буюу DVD-г гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ байлаа. Тухайн үедээ өрсөлдөгч видео прокатын газруудаас хүргэлт, хямд үнэ, таатай нөхцөлөөрөө илт ялгарч байв. 2007 оны хямрал эхлэхтэй зэрэгцээд өрсөлдөгч нар нь бүгд бизнесээс гарч байх үед Netflix харин ч улам өсөн дэвжиж эхэлсэн шалтгаан нь яг энэ үед тэд аажмаар онлайн платформ руу шилжиж байсан явдал юм. Хямрал дуусах үеэр буюу 2007 онд тэд 3 сая гаруй subscriber нэмсэн байсан ба хувьцааны үнэ нь 60%-аар өссөн. Таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчлүүлэгчид үнэхээр бодит үнэ цэнийг өгч буй тохиолдолд хямралыг ажрахгүй давах нь Netflix-ийн жишээнээс харагдаж байна.

Үүнээс дүгнэхэд хямралыг даван туулах гол арга зам нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, бууж өгөлгүй төрөл бүрийн арга хэмжээ авч, өөрчлөлт шинэчлэлд үргэлж бэлэн байх хэрэгтэй ажээ.

 

Бизнес эрхлэгч танд зориулсан ХААН Бизнес үйлчилгээний танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

Хаан бизнес үйлчилгээ

Гарчиг: урам зориг

Сэтгэгдэл үлдээх