<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бизнесийн процессоо сайжруулах нь: SIX SIGMA

Khan Business
Нийтлэсэн Khan Business on Aug 3, 2020 12:46:52 PM

Бизнесийн процессдоо анализ хийж, үр ашиг багатай үйл ажиллагаагаа танаж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь таны бизнесийн урагш алхах гол хүчин зүйл болдог. Харин олон байгууллагууд тогтолцооны гажуудлын улмаас өсөн дэвжих боломжоо удаашруулж эсвэл бүр хааж байдаг. Процесс сайжруулалт хийхдээ ихэвчлэн консалтинг байгууллагаас тусламж авч, гаднын нүдээр бизнесээ шинжлүүлснээр шинэ боломжуудыг олж нээх магадлал илүү өндөр ч, танд процесс анализ хэрхэн хийгддэг, танай байгууллагад ямар давуу талыг олгох боломжтойг таниулах үүднээс жишээ болгон Six Sigma техникийг сонирхуулъя.

Six Sigma нь АНУ-ын инженер Билл Смит 1986 онд Моторола компанид ажиллаж байх үедээ санаачилж байсан байгууллагын ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг нэмэгдүүлэх техник бөгөөд одоогоор дэлхийд хамгийн алдартай аргачлал болоод байгаа юм. Энэхүү аргачлал нь дараах үндсэн 5 хэсгээс бүрддэг. 

 

Article-6 (diagram)


Загварчлал:

 

Энэ үе шатанд бизнестээ тулгараад байгаа гол асуудлуудын талаар багаараа хамтран хэлэлцэж, асуудлаа нарийвчлан тодорхойлох бөгөөд ирээдүйд хүрэхээр зорьж буй зорилго, ашиглах боломжтой тоног төхөөрөмж, нөөц бололцоогоо бодитоор үнэлнэ.

 

Хэмжигдэхүүн:

 

Дараагийн үе шат нь байгууллагынхаа ажил явуулж буй процесс, аргачлалаа дахин нэг эргэн харж, хэр үр дүнтэй ажиллаж буйгаа хэмжиж үзэх юм. Танай байгууллагын ажлын гүйцэтгэлийн процесс хэрхэн явагдаж буйг үнэлснээр ямар төрлийн сайжруулалт хийж болох талаар илүү сайн ойлголттой болно.

 

Шинжлэл:

 

Багаараа хамтран тулгарч буй асуудалд дүн шинжилгээ хийх үедээ тухайн асуудлыг үүсгэж буй суурь шалтгаан нь юу байна гэдгийг илрүүлэхийг хичээгээрэй.

 

Сайжруулалт:

 

Нэгэнт гол асуудлаа тодорхойлсон бол, тухайн асуудлуудыг хэрхэн шийдэж болох боломжит шийдлүүдийг багаараа хамтдаа хайн хэлэлцэж, түүний дагуу цаашид авч хэрэгжүүлэх алхмуудаа төлөвлөөрэй.

 

Хяналт:

 

Уг үе шат нь хамгийн сүүлчийн алхам бөгөөд ажлын гүйцэтгэлийг хэрхэн хянах систем бий болгох тухай юм. Энэ нь маш чухал бөгөөд үүнгүйгээр та ирэх зургаан сарын туршид яг л ижил зүйлстэй зууралдсаар дуусаж мэднэ шүү.

 

Ашиг, орлого нэмэгдэх

 

Танай байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулснаар, урт хугацаандаа ашиг, орлогоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой болно. Нэгэн жишээ дурдахад Америкийн алдарт Женерал Электрик компани Six Sigma аргачлалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлснээс нэг жилийн дараа орлого нь $300 сая доллараар нэмэгдэж байсан байна.

 

Чанар сайжрах

 

Six Sigma аргачлалыг бизнестээ ашигладаг компаниуд аливаа алдаа мадгаа байж болох хамгийн доод цэгт нь хүртэл бууруулж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг боломжит хамгийн өндөр түвшинд хүртэл нь сайжруулах хэрэгтэй болдог. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой зүйл биш юм. Акрон нэртэй хүүхдийн эмнэлэг Six Sigma аргачлалыг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлчилгээний чанар огцом сайжирсан бөгөөд MRI шинжилгээний хүлээлгийн хугацаа 90% буурсан ба түргэн тусламжийн өрөөнд шаардагдах хангамжуудыг байршуулах хугацааг 63% хувиар бууруулсан байна.

 

Зардал бууруулах

 

Six Sigma аргачлалыг амжилттай хэрэгжүүлэх нь ихээхэн хэмжээний хэмнэлт хийх боломж олгодог бөгөөд ингэснээр хэмнэсэн мөнгөө бусад зүйлсдээ зарцуулах боломжтой болдог. 2007 онд АНУ-ын Арми Six Sigma аргачлалын хэрэгжүүлэн, ажлын процессыг сайжруулах, зардлыг бууруулах, түлшээ дахин ашиглах гэх мэтчилэн тухайн жилдээ 2 тэрбум гаруй долларын зардлыг хэмнэж чадсан юм.

 

Харилцагчийн үйлчилгээг сайжруулах

 

Танай бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирснаар үйлчлүүлэгчид тань бодит ашиг тус хүртэх болно. Хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тогтмол, жигд эерэг сэтгэгдэлтэй байснаар урт хугацаандаа үнэнч хэрэглэгч болох өндөр магадлалтай байдаг.

 

Бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэх

 

Бизнес эрхлэгчид ихэвчлэн өөрсдийгөө боловсон хүчний хэтрэлттэй байна гэж үздэг бөгөөд үнэндээ асуудлын гол нь ажилчид нь хангалттай хэмжээнд бэлтгэгдээгүйд байдаг. Six Sigma аргачлалыг ашигласнаар ажилчдын үр бүтээмж бага байгаагийн гол шалтгааныг тодорхой болгох, уг асуудлыг хэрхэн үр дүнтэйгээр засаж сайжруулах вэ гэдэгт тусалдаг.

 

Хаан бизнес үйлчилгээ

Гарчиг: урам зориг

Сэтгэгдэл үлдээх