Хүүхэд ямар хүмүүжилтэй, ямар үзэл бодолтой, хэр их амжилттай хүн болж төлөвшихөд нь туулж өнгөрүүлсэн амьдрал, үзэж харсан, сонсож мэдсэн зүйлс буюу гэр бүл, эцэг эх маш том нөлөөтэй билээ. Хүүхдэдээ эерэг хүмүүжлийг олгохын тулд дараах дадал зуршлуудыг гэр бүлдээ хэвшил болгоорой.
Хүүхдээ дөнгөж төрсөн цагаас нь эхлээд л насанд нь таарсан номыг уншиж өгч, өөрөө уншиж чаддаг болсон хойно нь бие даан ном уншихыг даалгаж, уншсан номынх нь талаар ярилцаж байх нь хүүхдийн боловсрол мэдлэг төдийгүй эцэг эх хүүхэд хоорондын харилцаанд эерэг нөлөөтэй.
Нярай хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний хэл яриаг хөгжүүлэх, өнгө, хэлбэр дүрс, тоо тоолол зэрэг анхны мэдэгдэхүүнийг өгөхөөс гадна хүүхэд аав ээжтэйгээ харилцаж, тэднийхээ хайр халамжийг мэдэрдэг байна.
Сургуулийн өмнөх насныханд орой унтахад нь үлгэр уншиж өгөхийг хэвшил болгосноор эцэг эхийн хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлж, хүүхдэд ч дотно мэдрэмж өгч таатай байхын зэрэгцээ үлгэрээр дамжуулж хүмүүжил өгөн, бодож эргэцүүлж, суралцах боломжийг олгодог байна.
Багаасаа ном унших дадал зуршилтай болсноор хүүхэд цаашдаа ч ном унших дуртай болж, номоос сурсан мэдлэг мэдээлэл нь цаашдын амьдралд нь тун хэрэгтэйг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.
Зарим эцэг эхчүүд хүүхдээ хайрлах тэр их хайрандаа гэрийн ажилд оролцуулахгүй байх явдал байдаг. Гэвч үүгээрээ та хүүхдэдээ бэлэнчлэх сэтгэлгээ суулган, өөрөө бие даан амьдрах чадваргүй болгож байгаа юм.
Насанд нь тохирсон гэрийн ажлыг хүүхдээрээ хийлгэснээр та хүн амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлагатай гэдгийг багаас нь ойлгуулж буй хэрэг юм. Хүн өөрөө хөдөлмөрлөснөөр бусдын хөдөлмөрийг ойлгож хүндэлдэг болж, аливаа сайхан зүйлийн ард их хэмжээний хөдөлмөр зүтгэл байдгийг ойлгох болно.
Үүний хажуугаар таны хүүхэд хариуцлагатай байдал, залхуурахгүй байх, аливаад чин сэтгэлээсээ хандаж жин тан хийж гүйцэтгэх зэрэг ирээдүйн амьдралд нь хэрэгцээтэй чухал зан чанаруудыг өөртөө суулгах юм.
Хүн бүр л нийгмийн харилцаанд орж байдаг. Бусадтай зөв боловсон харилцаж чаддаг хүн хамт олон дундаа хүндлэгдэж, талархлыг нь хүлээж илүү амжилттай байдаг. Харин энэхүү харилцааны ур чадварыг хамгийн түрүүнд гэр бүлээсээ суралцдаг билээ.
Гэр бүлээрээ хамтдаа тоглох, оройн хоол идэх, салхинд гарах зэргээр тодорхойлсон зүйлсийг хамтдаа хийж цаг хугацааг өнгөрүүлснээр хүүхэд идэвхтэй нийгмийн харилцаанд орж багаар ажиллах, бусдыг сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, харилцан хүндлэл гэх зэрэг харилцааны чухал соёлуудыг багаасаа суралцах болно.
Хэсэг ч болов чих амар байлгадаг болохоор нь гар утсаа хүүхдэдээ өгсөөр л байна уу? Дуу, өнгө, тоо сурах гэх мэтээр Youtube-ийн сайн тал бага ч гэсэн ажиглагддаг ч үзэх цагийг нь хязгаарлаж байгаарай. Шинэ зүйл зааж байгаа юм шиг атлаа тэдгээр бичлэгүүд нь хүүхдийн тархины буруу дадал зуршлыг идэвхжүүлж байдаг билээ.
Зөв дадал зуршил нь хүүхэд өөрөө хичээл зүтгэл гарган сэтгэн бодох, анхаарлаа төвлөрүүлэх, тархиа идэвхтэй ажиллуулах байдаг бол бидний хүүхдүүдийн үзээд байдаг бичлэгүүд нь тархины идэвхтэй үйл ажиллагааг шаардахгүй буюу амархан сонирхолтой байдалд хүүхдийг дасгах сул талтай ажээ.
Мэдээж таны хүүхдэд анхаарлыг нь татахуйц сонирхолтой зүйл хэрэгтэй. Тиймээс сонирхлыг нь илүү хэрэгцээтэй зүйлд чиглүүлээрэй. Хүүхдээ сайн ажиглаж юунд авьяастай, сонирхолтой байгааг нь таньж мэдээд түүнийг нь хөгжүүлэхэд анхаараарай. Хараахан мэдэгдэхгүй бол төрөл бүрийн зүйлс туршиж үзэхийг нь дэмжиж, өөрийгөө олж нээхэд нь туслаарай. Таны хүүхэд ямар нэг урлаг эсвэл спортод чин сэтгэлээсээ дурласан бол гэртээ дэлгэц ширтэн сууж цагийг өнгөрөөхгүй юм. Гадны элит гэр бүлүүд хүүхдийнхээ урлаг, спорт, гадаад хэлний мэдлэгт ихээхэн анхаардаг нь ирээдүйд нь оруулж буй маш том хөрөнгө оруулалт билээ.
Хүүхдийнхээ сайн байгааг, мундаг байгааг магтаж урамшуулах нь маш чухал. Гэхдээ магтахдаа яг юу гэж хэлж, ямар шалтгаанаар магтаж байгаагаа анзаараарай. Учир нь таны магтаалаас хүүхэд тань юу сайн сайхан болох талаар ойлголт авч байгаа. Бид бяцхан хүүхдүүдийг ямар хөөрхөн даашинзтай юм бэ, ямар гоё тоглоомтой юм бэ гэх зэргээр магтах нь багаас нь материаллаг зүйлд ач холбогдол өгдөг болгох сул талтай.
Мөн ямар нэг амжилт гаргахад нь миний хүү/охин авьяастай болохоороо, ухаантай болохоороо чадлаа гэх магтах нь өөрийн хичээл зүтгэлээр бус байгалиас заяасан чадвараар амжилтад хүрлээ гэж ойлгуулах болно. Харин та бид бүгд амжилт зөвхөн авьяас төдийгүй хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална гэдгийг мэдэх билээ. Шантрах цуцах үе амьдралд өчнөөн тохиолддог тул хичээл зүтгэл, тууштай байдал илүү чухал гэдгийг нь багаас нь ойлгуулж, магтахдаа ч миний хүү/охин хичээсэн болохоороо, давтсан болохоороо гэж хэлж байгаарай.
Та хүүхдэдээ сайн сайхан, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэж байгаа. Үүнд мэдээж боловсрол мэдлэг маш чухал. Хайрлаж, хүмүүжүүлэн өсгөж буй үр хүүхдэдээ та өндөр боловсрол эзэмшүүлэхийг зорьдог байх. Чанартай боловсрол үнэтэй байдаг тул та хүүхдэдээ төрсөн цагаас нь эхлээд л их сургуульд сурахад нь зориулж хадгаламж нээлгээрэй. Хараахан нээлгээгүй байгаа бол аль болох эртхэн эхлүүлээрэй.
Хадгаламж үүсгэхийг хүүхдэдээ ч бас давхар сургаж, ирээдүйнх нь төлөө хадгаламж нээлгэж байгааг өөрт нь ойлгуулж, баяр ёслолоор хүмүүсийн өгсөн мөнгийг хадгаламж руу нь хийлгүүлж санхүүгийн зохистой хэрэглээг ч бас багаас нь зааж өгөөрэй.
Хүүхдийн хувьд эцэг эх нь хамгийн том үлгэр дуурайл бөгөөд эцэг эхээ хамгийн мундаг, хамгийн зөв хүмүүс гэж боддог. Тэд таны үг үйлдэл бүрийг даган дуурайж, өөрсдийн буруу гэж хэлсэн зүйлсээ өөрсдөө хийгээд байвал гайхаж төөрөлддөг. Тиймээс та хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхдэдээ сургахыг хүссэн зүйлсээ өөрсдөө ч бас хэрэгжүүлж, хүүхдэдээ зөвшөөрдөггүй зүйлсээ өөрсдөдөө ч бүү зөвшөөрөөрэй.
Холбоотой нийтлэл: Таны хүүхдийг юу аз жаргалтай болгодог вэ?