Цалингаас хадгалах мөнгө үлддэггүй гэдэг бол зүгээр л таны өөрийгөө хаацайлан хэлж байгаа худал үг юм. Хэрэв орлогоо зарцуулаад үлдсэнг нь хадгаламждаа хийнэ гэвэл хадгаламждаа хийх мөнгөтэй хүн бараг л үлдэхгүй байх. Хүнд ер нь мөнгө байх тусам зарцуулаад л байдаг тул хамгийн сүүлд үлдсэн мөнгөө биш, харин цалингаа авангуутаа хамгийн түрүүнд хадгаламж руугаа мөнгө хийж байгаарай. Хадгаламж үүсгэх олон төрлийн аргууд байдгаас Монголын нөхцөлд 50-30-20 гэсэн дүрэм хамгийн тохиромжтой.
Энэ нь:
Ер нь ямар ч хадгаламж үүсгэх аргачлалд ихэвчлэн орлогынхоо 20%-ийг хадгал гэж зөвлөсөн байдаг буюу 20% гэдэг нь ерөнхий дундаж шаардлагатай хадгаламжийн хэмжээ юм. Мэдээж танд боломж болон шаардлага нь байгаа бол үүнээс илүүг хадгалж болох ба хэрэв үнэхээр боломжгүй бол ядаж орлогынхоо 5-10%-ийг заавал хадгаламждаа хийж байгаарай. Ингэж хэвшвэл та дараа нь өөртөө талархах болно.
Хадгалахын гол чухал нь аль болон удаан хадгалж, их хүү тооцуулан авах байдаг боловч юм бүхэн санаснаар болдоггүй тул хадгаламжийн хугацаагаа дундаас нь цуцлуулаад, бага хүү тооцуулан мөнгөө авах байдал цөөнгүй тохиолддог. Танд магадгүй хүүхдээ 18 хүрэхээр нь авна гэж хадгалуулж байсан мөнгөө гэнэтийн хэрэгцээ гараад, өөрөө аваад хэрэглэчхэж байсан тохиолдол гарч л байсан байх. Үүнээс сэргийлэхийн тулд танд тусгай зориулалт бүхий олон төрлийн хадгаламж хэрэгтэй. Ингэснээр орлогынхоо 20%-ийг өөрт хэрэгцээт хадгаламжийн төрлүүдэд хуваан хадгалаад, хэрэг гарсан үед зөвхөн тухайн хадгаламжаасаа л авч хэрэглэнэ гэсэн үг юм.
Монголчууд бидэнд тэр бүр байдаггүй ч, заавал байх шаардлагатай хадгаламж бол тэтгэврийн хадгаламж юм. Магадгүй та одоохондоо залуухан, эрч хүчтэй, олон цагаар ачаалалтай ажилласан ч ядарч цуцдаггүй үе дээрээ байгаа байх. Гэвч энэ байдал үүрд үргэлжлэхгүй. Хөгшрөөд, тэтгэвэрт гарахдаа санаа зовох зүйлгүй тайван налайж суухын тулд одооноос эхлээд бага багаар тэтгэврийн хуримтлал үүсгэж эхлээрэй. Гадны залуучуудад анх ажилд орж, цалин авах цагаасаа эхлээд л тэтгэврийн хадгаламжаа эхлүүлнэ гэсэн ойлголт тархинд нь аль хэдийнээ суучихсан байдаг. Та тэтгэврийн хадгаламждаа орлогынхоо 5%-ийг, эсвэл 50000₮, 20000₮ зэрэг өөрийнхөө боломжоор бага ч хамаагүй орлого хийхэд хангалттай. Хамгийн гол нь тэтгэврийн хадгаламждаа урт хугацаанд, тогтмол орлого хийж, юу ч болсон зарлага гаргахгүй байх нь чухал юм.
Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдийн хадгаламж зайлшгүй чухал. Хүүхдийн хадгаламж нь хугацаа урт, хүү өндөр байдаг тул санхүүгийн хувьд ашигтай бөгөөд хамгийн гол нь хүүхдээ 18 нас хүртэл нь цуцлалгүй, тогтмол хадгалах хэрэгтэй. Хэмжээний хувьд таны санхүүгийн боломж болон хүрэхийг эрмэлзэж буй зорилгоос хамаарна. Жишээлбэл хүүхдээ гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуульд чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа бол аль болох их мөнгө цуглуулах тусмаа л сайн. Хэдийгээр гадаадад сурах зардлыг тэтгэлгээр авах, сурангаа ажиллах зэргээр олж болох ч сургалтын төлбөрөөс гадна амьдрах зардал, онгоц унааны зардал гээд л жижиг жижиг олон зардал гардаг тул хүүхдэдээ зориулан аль болох эрт, аль болох их мөнгө хадгалаарай. Хэрэв та дээр зөвлөсний дагуу орлогоосоо нийт 20%-ийг нь хадгалах гэж байгаа бол хүүхдийн хадгаламжид дунджаар 5%-ийг нь хадгалах нь зохимжтой.
Та гэнэтийн хэрэгцээнд зориулсан тусдаа хадгаламжтай байснаар гэнэтийн чухал хэрэгцээ гарсан үед тэтгэврийн эсвэл хүүхдийн хадгаламж буюу урт хугацааны зорилт бүхий хадгаламжаа үрэхээс сэргийлэх боломжтой болох юм. Ерөнхийдөө гэнэт орлогын эх үүсвэргүй боллоо гэхэд 6 сарын цалинтайгаа тэнцэхүйц хэмжээний мөнгөтэй бай гэж ихэнх санхүүгийн зөвлөмжүүд дээр заасан байдаг. Мэдээж шууд л 6 сарын цалинтайгаа тэнцэхүйц хадгаламжтай болно гэж байхгүй тул тоон дүнд нь сүрдэж шантрахын оронд хэдэн жилийн дотор энэ хэмжээний орлоготой болохоо бодитоор тооцож үзээд өөртөө зорилго тавиарай. Энэ хадгаламж нь танд байнга байж байх, шаардлагатай үедээ хэрэглэж, өсөж буурч байх хадгаламж буюу таны найдвартай ар тал болох ёстой хадгаламж юм.
Энэ төрлийн хадгаламж нь харьцангуй богино хугацааны, үр дүн нь хурдан гарах хадгаламж бөгөөд таны нэг удаагийн орлогоороо авч чадахгүй боловч богино хугацаанд мөнгөө цуглуулаад хүрэх боломжтой хэрэгцээг тань хангах зориулалт бүхий хадгаламж юм. Жишээлбэл та ээлжийн амралтаараа гадаад руу аялах, эсвэл шинэ машин худалдан авах хүсэлтэй байгаа бол түүндээ зориулан хэзээ гэхэд хэдэн төгрөг цуглуулахаа урьдчилан төлөвлөөд, төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө цуглуулах юм. Энэ хадгаламж нь ихэвчлэн таны амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зүйлсэд зориулагдах ба илүү их сэтгэл ханамжийн төлөө хувцас хунар, кофе, гадуур хооллолт зэрэг түр зуурын аз жаргалаа танах байдлаар энэхүү хуримтлалыг үүсгээрэй.
Нийт орлогынхоо 30%-ийг өөрийн чөлөөт цаг, дуртай зүйлсдээ зарцуулаарай гэсэн дээ? Үүнийгээ ч бас хадгалахыг хичээгээрэй. Бид бүгдэд л орлогынхоо 30%-аар авч хүрэхгүй боловч чин сэтгэлээсээ дурладаг зүйл байдаг – брэндийн цүнх, пянз тоглуулагч, гэрэл зургийн аппарат гээд л... Эдгээр зүйлсийг байнгын мөрөөдөл болгохгүйн тулд, эсвэл эдгээрийн төлөө урт хугацааны хадгаламжаа цуцлуулахгүйн тулд өөртөө зарцуулах 30% аа хугацаагүй хадгаламжид хийн, хааяа нэг өөрийгөө баярлуулж байгаарай.
Хадгална гэдэг ер нь амархан биш. Хүн байгалиасаа холын зорилгоос илүү ойрын тав тухтай байдалд тэмүүлээд байх хандлагатай байдаг. Хадгаламж гэдэг бол ерөнхийдөө сахилга бат юм – сахилга батыг суулгаагүй үед хэцүү, нэгэнт суулгачихсан хойноо зуршил болчихдог, амархан. Таныг хадгалах зуршилд оруулах хамгийн амархан арга бол цалингаа буух болгонд хадгаламжийнхаа данс руу хадгалах дүнгээ автоматаар татуулах юм. Танаас ямар ч илүү үйлдэл шаардахгүй, зээл шиг л татах бөгөөд та үлдсэн мөнгөндөө тааруулаад амьдраад сурчихна. Хадгаламжийн ач холбогдлыг ойлгосон бол яг одоо мартаагүй байгаа дээрээ хэдэн төрлийн хадгаламжид, хэд хэдэн төгрөг хийхээ төлөвлөөрэй. Санхүүгийн сахилга бат сайтай хүн болоход тань амжилт хүсье.
Холбоотой нийтлэл: Хүүхдийн ирээдүйн төлөө одооноос хэвшүүлэх дадал зуршлууд