Санхүүгийн тогтвортой байдал гэдгийг та юу гэж ойлгож байна вэ? Үүнийг олон янзаар тодорхойлж болох ч товчхондоо таны ажил амьдралд ямар нэг зүйл буруугаар эргэж, санхүүгийн эрсдэл учрахад түүнийг зохицуулах, шийдвэрлэх санхүүгийн боломжтой байхыг хэлнэ. Энэхүү нийтлэлд санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох арга замуудыг хүргэж байна.
Хүн бүрийн мэддэг санхүүгийн тогтвортой байдлыг хангах хамгийн энгийн арга зам бол хуримтлал үүсгэх юм. Хуримтлал үүсгэхэд нэг их мэдлэг шаардахгүй ба түүнээс илүүтэйгээр дадал зуршлыг шаарддаг. Ихэнх хүмүүс миний орлого хуримтлал үүсгэхэд хүрэхгүй гэдэг шалтгаанаар хуримтлал эхлүүлэхийг хойшлуулан, илүү их орлоготой болохоороо эхлүүлнэ гэдэг худал амлалтыг өөртөө өгдөг. Гэвч хүний хэрэгцээ багасна гэж байдаггүй, орлого нь нэмэгдэх тусмаа зардал нь өсөж байдаг. Тиймээс цалингаа авангуутаа хамгийн түрүүнд өөртөө хөрөнгө оруулах буюу хадгаламждаа тодорхой хувийг хийчхээд, үлдсэн мөнгөндөө тааруулж амьдарч сурах хэрэгтэй.
Санхүүгийн зөвлөхүүд нийт орлогынхоо 20%-ийг хадгал гэж зөвлөдөг ч үнэхээр боломжгүй бол 5%, 10%-ийг хадгалж эхлээд аажимдаа нэмэгдүүлсэн ч болно. Хамгийн гол нь өөртөө үнэнчээр тогтмол хадгалж, хадгалсан мөнгөө үрэхгүй байхыг анхаарах нь чухал. Үүнд хугацаатай хадгаламж нээх, цалин буунгуут хадгаламжийн данс руугаа автоматаар татуулдаг байх, хэрэгцээндээ үндэслэн олон төрлийн хадгаламжтай байх зэрэг нь тус болно. Танд хэдэн төрлийн хадгаламж хэрэгтэй талаар бичсэн энэхүү нийтлэлийг мөн уншаарай.
Тодорхой зорилго тавьж хадгалах нь илүү үр дүнтэй тул яг юунд зориулж хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулахаа урьдчилан төлөвлөөрэй. Аяллын хадгаламж бол нийт хэрэг болох зардлаа тооцож, гэнэтийн хэрэгцээнийх бол 3-6 сарын орлоготой тэнцэх гэсэн дүрмийг баримталж, тэтгэврийн хадгаламж бол өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан 40 нас хүрэхэд жилийн орлогоо 3 үржүүлсэнтэй тэнцэх дүн гэх мэтчилэн хадгалах дүнгээ тодорхой тооцоолж түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаарай.
Хуримтлал үүсгэх нь санхүүгийн найдвартай байдлаа бүрдүүлэх сайн арга хэдий ч хувьцаа, бондод хөрөнгө оруулах нь таны мөнгийг илүү хурдан өсгөнө. Хүмүүс хувьцаа, бондыг кинон дээр гардаг шиг их хүндээр ойлгоод байдаг. Хувьцааны өсөлт, уналтыг байнга хараад, үнэ нь өсвөл гэнэт баяжиж бөөн баяр болоод, унавал бөөн стресс уур болж тартагтаа тултал ядуурах юм шиг бодож зайлсхийдэг. Гэвч кинон дээр гардаг тэр их эрсдэл дагуулсан зүйл бол хувьцааны арилжаа бөгөөд тэр нь хувьцааны хөрөнгө оруулалтаас өөр ойлголт юм. Харин энгийн хүмүүс хувьцаа, бондод хөрөнгө оруулна гэдэг тийм ч сүртэй их мэдлэг шаардсан зүйл биш билээ.
Мэдээж зарим нэг анхаарах зүйлс байгаа ч тэдгээр нь ойлгоход харьцангуй амархан. Жишээлбэл, хувьцаа нь ямар нэг компанийн хувьцааг эзэмшиж, ногдол ашиг хүртэх гэсэн үг ба хэдий хугацаанд ямар хэмжээний ашиг хүртэх нь тодорхойгүй байдгаараа бондын дэргэд илүү эрсдэлтэй. Харин бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд байгууллагад зээлдүүлэн, тогтмол хугацаанд тогтмол ашиг авч, хугацааны төгсгөлд анх зээлдүүлсэн мөнгөө буцаан авах нөхцөлтэй байдгаараа илүү найдвартай боловч түүнийгээ дагаад ашиг нь хувьцаанаас бага байдаг.
Хувьцаанд хөрөнгө оруулж эхлэхийн тулд та эхлээд брокер диллерийн компаниар дамжуулан хувьцааны данс нээлгэх хэрэгтэй. Та аль компанийн хувьцаанаас ямар хэмжээтэйг авахаа өөрөө шийдэж болно, эсвэл мөнгөө дундын дансанд байршуулан шийдвэрийг брокер диллертээ даатгаж бас болно. Гол зарчим нь мөнгөө аль болох олон компанид хуваан байршуулж, нэг хувьцаанаас хэт хамааралтай болохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хувьцаанд хөрөнгө оруулахад заавал их мөнгөтэй байх албагүй ба өөрийн боломжоор бага мөнгөөр хөрөнгө оруулалт хийж эхлээд, суралцаад ирэхээрээ зарцуулах мөнгөө нэмэгдүүлэх боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ ихэнх тохиолдолд тогтмол өсөж байдаг буюу дэлхийг хамарсан том хэмжээний санхүүгийн хямрал болохоос бусад тохиолдолд үнэ нь аажим аажмаар нэмэгдсээр байдаг. Эдийн засгийн уналтын үеэр ханш нь буух тохиолдох байх хэдий ч ерөнхий прогноз нь өсөх хандлагатай тул ашиг өндөртэй, эрсдэл харьцангуй багатай гэдэг утгаараа хөрөнгө мөнгөөр баялаг санхүүгийн томоохон тоглогчид үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах нь элбэг. Тэд ихэвчлэн хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан томоохон үл хөдлөх хөрөнгө буюу зочид буудал, худалдаа үйлчилгээ, оффисын барилга, тансаг зэрэглэлийн орон сууцад хөрөнгө оруулдаг байна.
Түүнээс гадна арай бага өртгөөр буюу өөрийн боломжид таарах үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, түүнийгээ түрээслүүлэх байдлаар тогтмол орлогын эх үүсвэрийг бий болгож болно. Энэ тохиолдолд таны түрээснээс олж буй орлого тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээлийн төлбөр зэрэг бусад зардлаас давж байх нь танд илүү ашигтай. Гэсэн хэдий ч хэрэв та тухайн үл хөдлөх хөрөнгийг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа тохиолдолд одоохондоо зардал тань орлогоо хараахан давахгүй байсан ч, алсдаа тухайн хөрөнгө таны бодит өмч болж үлдэх тул сайн хөрөнгө оруулалт гэж үзэж болно.
Хэрэв танд өөрийн амьдарч буй байр орон сууцаас өөр үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө мөнгө зарцуулах санхүүгийн боломж хараахан бүрдээгүй байгаа бол амьдарч буй орон сууцаа сайжруулахад анхаараарай. Байр орон сууц нь нэг төрлийн урт хугацааны хөрөнгө оруулалт тул чанар, байршлын хувьд алсдаа үнэ цэнэ нь өсөх орон сууцад эртхэн хөрөнгө оруулж эхлэх нь танд ашигтай. Тиймээс таны санхүүгийн байдал шинэ байр худалдан авах эсвэл одоогийн байр орон сууцаа сайжруулах чадвартай байгаа бол илүү мөнгөө ойр зуурын хэрэглээнд үрэхийн оронд ирээдүйн том хөрөнгө оруулалтад зарцуулж яагаад болохгүй гэж?
Холбоотой нийтлэл: Танд хэдэн төрлийн хадгаламж хэрэгтэй вэ?