Хэрэв та гадаадын вэбсайтаас худалдан авалт хийх гэж байгаа бол
танд олон улсын эрх бүхий кредит эсвэл дебит карт хэрэгтэй
ХААН Банкны хувьд Төгрөг, ЮнионПэй, болон ВИЗА картуудыг санал болгодог бөгөөд эдгээр картуудаар та дотоодын вэбсайтуудаас чөлөөтэй худалдан авалт хийх боломжтой. Харин гадаад вэбсайтаас худалдан авалт хийх бол ВИЗА эсвэл ЮнионПэй дебит болон кредит картаар худалдан авалт хийнэ. Танд эдгээр төрлийн карт байхгүй бол дебит карт хэрхэн шинээр захиалах зааварчилгаатай дараах холбоосоор танилцаарай.
Харин кредит картыг Харилцагчийн мэдээллийн төвийн 7533-3030 дугаарт залган захиалаарай.
Картын аюулгүй байдал
Тухайн картын эзэмшигч нь таныг мөн болохыг нотлохын тул онлайн худалдааны вэбсайтууд танин баталгаажуулалт хийдэг.
Дотоодын вэбсайтуудаас худалдан авалт хийхэд танд И-ПИН код хэрэгтэй. Энэ нь таны картын ПИН кодоос өөр юм. Картандаа хэрхэн И-ПИН код авах зааварчилгаатай энд дарж танилцана уу.
Verified by Visa систем бүхий гадны вэбсайтуудаас ВИЗА картаар худалдан авалт хийхэд ВИЗА карт таны банканд бүртгүүлсэн гар утасны дугаарт танин баталгаажуулах код илгээж таныг картын эзэмшигч мөн эсэхийг шалгадаг. Тиймээс таны одоогийн хэрэглэж буй утасны дугаар таны банканд бүртгэлтэй дугаар мөн эсэхийг шалгаарай. Биш бол өөрийн одоогийн хэрэглэж буй дугаараа салбарт хандаж шинэчлүүлээрэй.
Вэбсайтын аюулгүй байдал
Онлайн худалдан авалт хийх явцдаа хуурамч вэбсайтад хандан хувийн мэдээлэл, картын мэдээлэл, улмаар мөнгөө алдах эрсдэлтэй тул та харьцаж буй вэбсайтаа албан ёсны, найдвартай вэбсайт мөн эсэхийг сайтар нягтлаарай. Аль болох олны мэдэх amazon.com, apple.com, netflix.com, shoppy.mn зэрэг найдвартай вэбсайтуудаас худалдан авалт хийхийг санал болгож байна. Өөр нэг шалгах арга нь та хандаж буй вэбсайтаа secure буюу https:// гэсэн байгаа эсэхийг линк дээрээ дарж шалгаарай.
Сүлжээний аюулгүй байдал
Олон нийтийн WiFi сүлжээнд хувийн орон зай гэж байдаггүй. Тиймээс та захиалга хийхдээ аль болон өөрийн гэрийн буюу хувийн, найдвартай интернэт сүлжээгээр хандан худалдан авалтаа хийгээрэй. Мөн та өөрийн бус бусдын компьютер, лаптоп, таблет, ухаалаг утсаар захиалга хийж байгаа бол хувийн мэдээллээ хадгалахгүй байхыг анхаараарай.
Бараагаа сонгох, төлбөрийн нөхцөлтэй танилцах
Та худалдан авах бараагаа сонгохдоо өөрийн сонгож буй загвар, өнгө, хэмжээ зэрэг нь зөв болохыг сайтар шалгаарай. Мөн тухайн барааны коммент хэсэгт хэрэглэгчийн сэтгэгдэл байвал түүнийг уншиж үзээд сонголтоо хийхийг зөвлөж байна. Таны захиалсан бараа сэтгэлд тань хүрэхгүй тохиолдолд буцаах, солиулах нөхцөл нь ямар болохыг шалгачхад илүүдэхгүй. Мөн зарим нэг бараа, үйлчилгээ (жишээ нь: Netflix) subscription буюу сар бүр таны картнаас автоматаар мөнгө татах нөхцөлтэй байдгийг анхаараарай.
Хувийн мэдээллээ оруулан захиалгаа баталгаажуулах
Бараа, үйлчилгээгээ сонгосны дараа та өөрийн нэр, холбогдох утас, и-мэйл, хүргэлтийн хаяг, картын мэдээлэл зэргээ бөглөн захиалгаа баталгаажуулна. Ихэнх вэбсайтууд танаас дээрх мэдээллүүдийг асуух бөгөөд хэрэв үүнээс илүү хувийн чанартай мэдээлэл асууж байвал та тухайн вэбсайтыг луйврын вэбсайт эсэхийг дахин нягтлаарай.
- Дотоодын вэбсайтаар худалдан авалт хийж, захиалгаа баталгаажуулах жишээ зааварчилгааг энд дарж үзнэ үү.
- Гадаадын вэбсайтаар худалдан авалт хийж, захиалгаа баталгаажуулах жишээ зааварчилгааг энд дарж үзнэ үү.
Картын данснаасаа зарлага гарсан эсэхийг шалгах
Захиалгаа баталгаажуулсны дараа таны зарцуулсан үнийн дүн данснаас тань хасагдсан эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна. Гүйлгээний мэдээллээ тогтмол хянадаг байх нь таны данснаас сэжигтэй гүйлгээ гарсан эсэхийг шалгах давуу талтай. Хэрэв таны мэдэхгүй, сэжигтэй гүйлгээ хийгдсэн бол банканд нэн даруй мэдэгдээрэй.
Гүйлгээгээ шалгах зааварчилгааг дараах холбоосоор үзээрэй.
Дебит карт
Кредит карт
Мөн таны картаар бусад этгээд онлайн худалдан авалт хийхээс сэргийлж картын нэр, дугаар, дуусах он сар, картын ард талын 3 орон бүхий дугаар зэргийг бусдад мэдэгдэхээс болгоомжлоорой.