Зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл

Онлайн гүйлгээ, төлбөрийн талаар таны мэдээгүй 8 зүйл

Written by Khan bank | 2020-03-16, 09:48

Одоо үед банкны аппликэйшн утсандаа татаж суулгаад өөрийн данс хооронд ч, банк хооронд ч гүйлгээ хийж болохыг, аппликэйшнээрээ дансаа тогтмол хянаж болохыг хүн бүр л мэддэг болоод байгаа байх. Харин ухаалаг аппликэйшн таны ажлыг улам л хөнгөвчилж буй өөр олон арга замуудыг мэдэх үү? Заавал салбарт очиж дараалалд зогсохгүйгээр, лавлах руу залгаж хүлээхгүйгээр өөрөө бүгдийг нь хормын дотор зохицуулмаар байвал эдгээрийг нэг гүйлгээд хараарай.

 

Онлайн банкны үйлчилгээнд өөрөө бүртгүүлж болно

Хэрэв та ХААН Банкны хэрэглэгч бөгөөд гэрээгээ шинэчилчихсэн бол утсаараа эсвэл компьютероороо khanbank.com гэж ороод, баруун дээд буланд байрлах “ОНЛАЙН БҮРТГЭЛ” товчин дээр дараад, шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд л онлайн банкны үйлчилгээнд өөрөө өөрийгөө бүртгэчихнэ.

Харин гэрээгээ шинэчлээгүй бол дараагийн удаа салбар орохдоо гэрээгээ шинэчлээд онлайн банкны хэрэглэгч болчхоорой. Нэг сумаар нилээн хэдэн туулай буудчихна гэсэн үг.

 

Онлайн гүйлгээ хийхэд нууцлал хамгийн чухал

Та анх онлайн банкны хэрэглэгч болоход банкнаас өгсөн нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй байдлын үүднээс заавал солиорой. Цаашдаа ч тогтмол сольж байх нь хувийн нууцлалтай мэдээллээ цахим гэмт хэрэгтнүүдээс хамгаалахад тустай.

Мөн нууц үгээ санамсаргүй блоклосон болон мартсан тохиолдолд “Нууц үг сэргээх” товчийг дараад л хормын дотор өөрөө сэргээх боломжтой шүү.

 

Байнга шилжүүлэг хийдэг дансаа “Гүйлгээний загвар” болгон хадгалж болно

Утасны дугаар тэмдэглэж авдаг шиг байнга шилжүүлэг хийдэг данснуудаа хадгалаад аваарай. Тэгвэл шилжүүлэг хийх болгондоо дансыг нь асуугаад байх шаардлагагүй, буруу цээжилчихвий гэж санаа зовох ч хэрэггүй.  

 

Тогтмол хийдэг гүйлгээгээ “Захиалгат гүйлгээ” болгоод автоматжуулж болно

Танд сар бүр тогтмол хийдэг гүйлгээ, төлбөр байдаг уу? Хүүхдийн дугуйлангийн төлбөр, фитнесс иогийн төлбөр гэх мэт... Тэдгээр төлбөрүүдээ захиалгат гүйлгээ цэсээр ороод цалин буудаг өдрөө ч юм уу тогтмол шилжүүлэхээр тохируулчихвал мартчихвий гэж санаа зоволтгүй, байн байн шилжүүлэг хийгээд байх шаардлагагүй болно.

 

Хэрэглээний төлбөрүүдээ төлж болно

Сар бүр төлдөг байр, утас, интернэтийн төлбөрөө ч бас гар утсаараа хормын дотор л төлөх боломжтой. Khan Bank аппликэйшнийхээ “Төлбөр” цэс рүү ороод юуны төлбөр төлөх гэж байгаагаа сонгоод л төлчихнө.

 

Татвар болон сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно

Төлбөр цэсэнд татвар болон даатгал төлөх сонголт бас байгаа. Даатгал төлөхөд таны регистрийн дугаар асуух ба харин татвараа баркодоор, нэхэмжлэлийн дугаараар, эсвэл регистрийн дугаараараа төлөх боломжтой тул алдаа, андуурал гарна гэж санаа зоволтгүй.

Утасны дугаар, facebook хаягаар нь шилжүүлэг хийж болно

Та ойр дотны гэр бүл, найз нөхөд рүүгээ мөнгө шилжүүлэхдээ заавал дансны дугаарыг нь асуух шаардлагагүй. Та болон таны шилжүүлэг хийж буй хүн хоёулаа Khan Pay үйлчилгээнд холбогдсон бол утасны дугаар эсвэл Facebook хаягийг нь оруулаад л шилжүүлчихнэ.

Хувиараа бизнес эрхлэгч та байнга дансаа хүмүүст хэлж өгөх хэрэг гардаг уу?

Q Pay үйлчилгээ хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл. Та анзаарсан бол хүмүүс бэлэн мөнгө авч явахаа бүр больчхож, байнга шилжүүлчихье гээд л... Тэр болгонд л дансаа дахин дахин давтаж байхаар дансныхаа QR кодыг л өгчих. Үйлчлүүлэгчид тань ч данс бичиж авч байхаар утсаараа код уншуулчихвал хамаагүй амар. Мөн та дараагийн удаа салбар орохдоо өөрийн дансны QR кодтой наалтыг үнэгүй захиалаад авч болно шүү.

 

Та "Khan Bank" аппликэйшн татахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу.