Далайн эрэг, хүрхрээ, ширэнгэн ой, галт уул гээд л онцгой бүтэц, үзэсгэлэнт байгалиараа дэлхийд гайхагддаг, хүн бүрийн очиж амарч, алжаалаа тайлж, нүд сэтгэлээ сэргээх газар бол маргаангүй Индонез улсын Бали арал билээ.
Та хаашаа аялах вэ гэж бодож байгаа бол, эсвэл яг Бали арлын аяллыг сонирхож байгаа бол таны зайлшгүй үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Өөрт хамгийн таалагдсаныгаа сонгон аяллын маршрутдаа оруулаарай.
Жимбаран (Jimbaran) эрэг
Жимбаран эрэг дээр та нар жаргах үеийн үзэсгэлэнт байгалийг таашаангаа шинэхэн далайн хоол болон барбекьюг зооглон нэгэн оройг тухлан өнгөрүүлээрэй.
Нуса Дуа (Nusa Dua) эрэг
Далайн эрэгт бүтэн өдрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсвэл Нуса Дуа эргийг зориорой. Цэвэр тунгалаг, тогтуун давлагаатай энэхүү арал дээр та гэр бүлээрээ өдөржин саатаж төрөл бүрийн усан спортыг туршиж үзэн, эргийг тойрон байрлах ресторануудад өдрийн хоол зооглонгоо тэр хавийн дэлгүүрүүдээр ч ороод гарах боломжтой.
Паданг Паданг (Padang Padang) эрэг
Жулиа Робертсийн тоглосон “Ид, залбир, хайрла” кинонд гардаг эрэг бол Паданг Паданг юм. Жижигхэн атлаа үзэсгэлэнтэй энэхүү эргийг аялагчид ихэвчлэн өглөө эртлэн зорьж, нар мандах үеийн гайхамшигт үзэгдлийг харах дуртай байдаг ч, нар шингэх үеийн дүр зураг, байгалийн өнгө ч бас сэтгэл уужрам, үзэсгэлэнтэй.
Амэд (Amed) эрэг
Хэрэв та камераа аваад далайн усанд шумбаж, өнгө алагласан далайн гүнийг дүрсэнд буулгахыг илүүтэйгээр сонирхож байвал хар бараан элс, хад чулуу, галт уулаар хүрээлүүлсэн Амэд эргийг зориорой.
Нуса Пэнида (Nusa Penida) эрэг
Инстаграмын хамгийн алдартай спотуудын нэг болох маргад ногоон T-Rex хэлбэрийн уултай, номин цэнхэр далайтай эрэг бол Нуса Пэнида эрэг юм. Бали арлаас усан онгоцонд суугаад 1 цаг явж энд хүрэх ба шороо чулуу, саад тотгороор дүүрэн замыг туулж орой дээрээс нь зургаа авахуулаад адал явдалд дуртай нэгэн гэдгээ батлан харуулаарай. Дээр нь гараад та яг л амьд дроне мэт мэдрэмж авахдаа туулсан замдаа огтхон ч харамсахгүй.
Гит Гит (Git Git) хүрхрээ
Хамгийн ойр, хамгийн амархан замтай байдгаараа Гит Гит хүрхрээ аялагчдын дунд алдартай. 35 метрийн өндөртэй гүн ногоон ургамлаар хүрээлүүлсэн энэхүү хүрхрээ нь маш үзэсгэлэнтэй харагдах бөгөөд хэрэв та азтай бол сармагчинууд модонд дүүлж, хүрхрээний уснаас ууж байгаатай таарч магадгүй юм.
Нунг Нунг (Nung Nung) хүрхрээ
Та эргэн тойрон нь ногоон өнгөөр хучигдсан будааны талбайн дундуур явсаар Нунг Нунг хүрхрээний зогсоолд хүрэх ба түүнээс хойш 20-оод минут орчим яг 509 алхам шатаар уруудан, ойртох тусам чимээ нь улам чангарч, шатны төгсгөлд 50 метр өндөр үзэсгэлэнт хүрхрээг олж харах болно.
Алинг Алинг (Aling Aling) хүрхрээ
Аялагчдын Youtube бичлэгээс хүрхрээ даган гулсахыг нь харж байсан уу? Бали арлын Алинг Алинг хүрхрээг адал явдалд дуртай аялагчид ихээхэн зорьж очдог байна. 35 метр өндөр, ногоон ойгоор хүрээлэгдсэн энэхүү хүрхрээний хад чулуу нь мөлгөр байдаг тул аялагчид хүрхрээг даган гулгаж адреналинаа өсгөдөг байна. “Bucket list”-дээ оруулмаар зүйл байгаа биз?
Mount Batur галт уул
Хамгийн идэвхтэй галт уул болох Mount Batur-ыг аялагчид их зорин очдог. Өглөө эрт очиход хамгийн тохиромжтой байдаг тул өглөөний 2 цагт босоод галт уулын зүг хөдөлдөг. Ихэвчлэн машин захиалан, буудлаасаа тосуулж 2 цаг яваад хүрдэг ба үүрийн 4 цагаас эхлээд авирахад үүрийн 6 цагт нар мандах үеэр орой дээр нь гардаг. Галт уулын дээрээс үзэгдэх орчин үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд аялагчид тэндээ тухлан саатаж, халуун рашааны уураар эсвэл галт уулын лаваар халаасан чулуунд болгосон чанасан өндөг, гадил, халуун кофег өглөөний цайнд зооглодог. Энэхүү аялал нь нийт 5 цаг үргэлжлэх болно.
Mount Agung галт уул
Энэхүү галт уулын туулах зам нь харьцангуй хүнд тул туршлагатай эсвэл мэргэжлийн авирагч нарт илүү тохиромжтой. Mount Agung руу авирах 3 гол зам байдаг ба хаанаас эхлэхээсээ шалтгаалан багадаа 3 цаг, ихдээ 7 цаг зарцуулдаг, өгсөх тусам зам нь улам огцом бөгөөд хүнд болдог байна.
Mount Catur галт уул
Mount Catur нь устсан галт уул буюу дахин дэлбэрэхгүй, халуун лав байхгүй гэсэн үг юм. Үзэгдэх орчны хувьд нуур, хүрхрээ, ботаникийн цэцэрлэг бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд Братан (Bratan) нуурын дэргэдэх сүм нь Балид Тана Лот (Tanah Lot)-ын дараагаар орох хамгийн алдартай сүм билээ. Оройд нь гарахад 3 орчим цаг зарцуулагдах бөгөөд замдаа зураг авахуулах үзэсгэлэнт байгаль ихтэй.
Байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Бали арал руу аялах боломжийг ХААН Банк танд олгож байна. Эрхэм харилцагч та ХААН Банкны дурын картаа ХААН Банкны ПОС машин дээр болон гадаадад уншуулаад, таны гүйлгээний дүн 300,000₮ хүрэх тутамд Бали арал руу аялах нэг тохирлын эрх аваарай.
Гайхамшигт аялал таныг хүлээж байна.
Холбоотой нийтлэл: Балигийн түүхэн дурсгалт газрууд