Эцэг эх бүр үр хүүхдэдээ сайн сайхныг хүсэж, тэднийхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэж байдаг тул муу эцэг, эх гэж байдаггүй. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ юу хүсдэгийг тэр болгон мэддэг болов уу?
Хүүхдээ юугаар ч дутаахгүй гээд идэх хоол, өмсөх хувцас зэрэгт нь анхаарал хандуулдаг ч мөнгөөр хэмжигддэггүй үнэт зүйлс бяцхан үрсэд минь хамгаас чухал гэдгийг битгий мартаарай. Ер нь хайртай хүмүүстээ өгч болох хамгийн үнэтэй зүйл гэвэл цаг хугацаа л юм билээ. Учир нь бусад бүх зүйл дахин олддог ч цаг хугацаа хэзээ ч дахин олддоггүй.
Таны мэддэг ч, хааяахан мартчихдаг, хүүхдийн тань сэтгэл зүйд маш чухал үнэт зүйлсийг дахин нэг сануулъя.
Танай гэр бүлийн амралтын өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Үд болтол унтаад, зурагт ширтээд нэгэн хэвийн өнгөрөөхгүй байхыг хичээгээрэй. Түүний оронд салхинд гарч, гадуур зугаалж, хүүхдүүддээ түүх ярьж өгч, зурагт үзсэн ч хамтдаа үзэж, үзсэн зүйлийнхээ талаар хоорондоо ярилцаж байгаарай. Таны хүүхэдтэйгээ өрнүүлж буй харилцаа бүр тэдний хувьд мэдлэг мэдээлэл цуглуулах, тунгаан бодох боломжийг олгож төлөвшүүлдэг билээ.
Хүүхдэдээ цаг гаргана гэдэг нь зөвхөн амралтын өдрийг идэвхтэй өнгөрүүлэхээр хязгаарлагдахгүй. Хүүхэд гэдэг өөрөө их цагаахан зөөлөн сэтгэлтэй тул өдөр тутмын энгийн зүйлсэд таны хэрхэн хандаж байгаагаас л хүүхэд баяр баяслыг эсвэл ганцаардлыг мэдэрч байдаг.
Оройн хоолоо тойрч суугаад идэх, цэцэрлэг сургууль дээр нь зохиогдож байгаа тэмцээн уралдаан, тоглолтод нь ирж үзэх, хэлсэн амласандаа хүрдэг байх, хамт хөтлөлцөөд гудамжаар алхах, тоглох гээд л маш энгийн зүйлсийг хүүхдүүд минь биднээс хүсдэг. Ийм үед нь завгүй байна, ядарч байна гэж бүү сэтгэлийг нь гонсойлгоорой.
Хэн ч төгс биш, хүн бүр алдаа гаргадаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ байнга мундаг байх, амжилттай байх ёстой гэсэн ойлголтыг төрүүлснээр тэдэнд би зөвхөн сайн байх юм бол л намайг хайрлах юм байна гэж бодогдуулдаг. Ингэснээр таны хүүхэд тантай нээлттэй бус болж, алдаа дутагдлаа нуудаг болоход хүргэх юм.
Харин та хүүхдээ тантай илэн далангүй байж, өөрт тохиолдсон бүхнээ хуваалцдаг байхыг хүсэхгүй гэж үү?
Нөгөө талаасаа сэтгэл зүйн хувьд хүүхэд тань хүмүүс миний зөвхөн эерэг мэдрэмжүүдийг л хүлээн авна, сөрөг мэдрэмжийг хүлээн авахгүй юм байна гэж ойлгон мэдрэмжээ хуваалцахаас сэргийлдэг, гомдол бухимдлаа дотроо хадгалан шаналдаг болох эрсдэлтэй. Иймээс та хүүхдээ буруу зүйл хийхэд нь шийтгэл биш шийдлийг урьтал болгон, уйлж, уурлаж уцаарласан ч эерэг хандлагаа хэвээр байлгаж, үргэлж дэмжиж хажууд нь байна гэдгээ мэдрүүлж байгаарай.
Хүүхдийг зөв хүн болж хүмүүжихэд нь өөртөө итгэлтэй байдал маш чухал. Харин “чи эдний хүүхдийг хар”, “дүүгээсээ ч долоон дор” зэргээр бусадтай харьцуулан шүүмжлэх нь өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж, өөрийнхөөрөө биш хэн нэгэнтэй адил байх ёстой мэт, ямар нэг стандарт шалгуурт нийцэх ёстой мэт мэдрэмжийг хүүхдэд тань өгөх болно.
Томчууд бид өөрсдөө ч өөрийгөө бусадтай биш өөрийнхөө өмнөхтэй л харьцуулдаг байж сурах гэж одоо хүртэл хичээж л явна. Тиймээс хүүхдэдээ багаас нь өөртөө итгэл итгэлийг суулгаж өгөх нь ирээдүйдээ амжилттай байхад нь туслах билээ. Өөртөө итгэх итгэл хүнд бусадтай нээлттэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө сорих, шинэ зүйл турших, суралцах гээд л хувь хүний хөгжлийнх нь үндэс суурь болж өгдөг.
Хүүхэд тань би гоё хоол идэж өссөн, гоё хувцас өмсөж өссөн, манайх гоё байр машинтай байсан гэж хэзээ ч дурсахгүй. Хамгийн сайхан дурсамж бол хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд, хоорондын эерэг харилцаа, өдөр тутамд тохиолддог хөгжилтэй явдлууд байдаг.
Үнэт цагаа гэр бүлдээ зарцуулж, аз жаргал дурсамж дүүрэн амьдарцгаая.
Холбоотой нийтлэл: Бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ?