30 хүртэлх насыг суралцах нас гэцгээдэг. Энэ насныханд үүссэн хүлээлт, үүрэг хариуцлага харьцангуй бага байхын зэрэгцээ аливаа шинэ зүйлийг хүлээн авах чадвар илүүтэй сайн байдаг тул ихэнх цагаа сурч боловсорч, өөртөө зарцуулах нь тохиромжтой. Харин 30-аас дээш насандаа амьдралд хөлөө олж, бат бэх суурийг бий болгож, тав тухтай амьдралаа цогцлоох нь зохистой билээ. Тиймээс 30-40 насанд тань тус дэм болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хэрэв та бусдын таалалд нийцэх сонголтыг хийгээд, өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш тавиад байдаг бол одооноос өөрийн шийдвэрийг өөрийн хүслээр гаргаж эхлээрэй. Мэдээж урсгалыг дагах, тийм гэж хэлэх, зөрчил үүсгэхгүй байх, хэн нэгнийг гомдоохгүй байх илүү амархан. Гэхдээ та хүсээгүй үедээ ямар нэг зөрчлөөс зайлсхийж бусдад тийм гэж хэлэх болгондоо өөртөө үгүй гэж хэлж байдаг. Гэртээ амармаар байсан ч найз чинь уулзъя гэхэд гомдоохгүйн тулд чадахгүй гэж хэлж чадахгүй байх, амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөх төлөвлөгөөтэй байсан ч дарга чинь ажилла гэхэд үгүй гэж хэлж чадахгүй байх зэрэг нь жижиг зүйлс юм шиг атлаа таны амьдралын баяр баяслыг бага багаар үгүй хийж, стрессийг нэмэгдүүлж байдаг.
Өдийг хүртэл бүтэлгүйтэхээс айж, нэг ч эрсдэлтэй алхам хийж үзээгүй байгаа бол та нэг л дутуу амьдраад байна гэсэн үг. Амьдрал гэдэг угаасаа дардан зам биш, тийм байх ч албагүй. Эрсдэлийг даах бэлтгэлтэй байж, зоригтой алхам хийдэг байснаар л та одоогийн байгаагаасаа илүү гайхалтай боломжуудыг олж нээдэг. Ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч та түүнийг давж гарсны дараа хичнээн хүчтэй болохоо олж мэднэ, алдаанаасаа суралцана, тиймээс алдах зүйл огтхон ч үгүй. Одоо л таны дампуурахаас айлгүй бизнесээ эхлүүлэх, аюулаас айлгүй ганцаараа аялалд гарах, бүтэлгүйтэхээс айлгүй шинэ карьер эхлүүлэх цаг юм.
Ажил дээр ч, амьдрал дээр ч харилцан тохиролцох зүйлс өчнөөн гарч ирдэг. Хэрхэн үр дүнтэй тохиролцоо хийж сурах талаар олон зөвлөгөө байдаг ч хамгийн эхний алхам буюу хамгийн чухал зөвлөгөө бол юуг ч тохиролцож болно гэдгийг ойлгох юм: бараа бүтээгдэхүүний үнийг, цалин хөлсийг, ажил гүйцэтгэх хугацааг гээд л юуг ч санаа зоволгүйгээр тохиролцож болно. Тохиролцоо хийхийн өмнө тухайн зүйлийн талаар сайтар судалж, өөрийн ямар үр дүн хүсэж байгаа, яагаад тэрийг шударга гэж үзэж байгаагаа тодорхой болгоод, нөгөө талаа буюу харилцагч талаа маш анхааралтай сонссоны үр дүнд тохиролцоонд хүрэхэд анхаараарай. Тохиролцож сурна гэдэг нь ялах, хожих гэсэн үг биш харин хэн хэндээ шударга шийдэлд хүрэхийг хэлнэ гэдгийг бүү мартаарай.
Долоо хоногийн хэд хэдэн оройг оффис дээрээ өнгөрүүлээд, гэртээ ирсэн хойноо ч маргаашийн хурал, дуусгаж амжаагүй ажлаа бодон и-мэйлээ шалгаад, амьдралдаа биш ажилдаа их цагийг зарцуулаад байдаг уу? Тийм бол та ажиллах гэж амьдарч байгаа биш гэдгээ дахин нэг санаж, ажлын цагаар бүтээмж өндөртэй ажиллаж, амрах үедээ ажлаа бодолгүй тайвширч, бүх зүйлийг төгс төгөлдөр байлгах гээд хичээгээд байлгүй зарим нэг ажлыг заавал төгс биш сайн хийсэн байхад л хангалттай гэдгийг ойлгоорой. 20-оод насанд төгс төгөлдөрт тэмүүлэн эрч хүчээр дүүрэн ажиллах илүү давуу талтай ч, 30 насанд хүрсэн та олон цагаар стрессдэж биш богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр ажиллах арга барилаа олох хэрэгтэй. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, спортоор хичээллэх зэрэг нь таны стрессийг бууруулж, сэтгэл санааг илүү жаргалтай, тайван болгож, ажлын үр дүнд тань харин ч улам сайн байх юм шүү.
Энэ нь зүгээр нэг хамтдаа оройн хоолонд орох, тэмдэглэлт баяруудаар бэлэг өгөх зэрэг биш юм. Хорвоод хүн болгож төрүүлсэн, өсгөж хүмүүжүүлсэн, үргэлж санаа тавьж, хамгийн их хайраар хайрладагт нь талархаад том бэлэг бариарай. Магадгүй таны аав ээж одоохондоо залуухан хэвээрээ, бие тэнхээ сайтай, аяллын ая даах чадалтай байгаа дээр нь гадаад орон руу аялалд авч яваарай. Хүний эцэг эх үр хүүхдээ хариу нэхэлгүй хайрладаг учраас хамтдаа аялалд явъя гэвэл хэрэггүй дээ л гэх байх. Тэгсэн ч гэсэн хамаагүй заавал дагуулаад яваарай, дотроо хичнээн их баярлах бол...
Хайр үргэлж шинэхэнээрээ байх албагүй, ханилаад олон жил болсон, хайр сэтгэл нь өөр түвшинд очсон харилцаа ч хуучирсан гэгдэх албагүй. Бид хэн нэгэнтэй анх учрахдаа бүх зүйл шинэхэн байж, сэтгэл догдолж, хайранд сохорч нөгөө хүнийхээ сул талыг ч олж хардаггүй. Гэвч хүн бүр л сайн, муу талуудтай. Хосууд ханилаад удахаараа бие биенийхээ сайн талуудад дасал болж, байх л ёстой юм шиг хандаж, сул талуудад нь л хамаг анхаарлаа хандуулж маргаан үүсгэж эхэлдэг. Тиймээс хайрт ханийнхаа өдөр болгон хийсээр байгаад анзаарагдахаа больчихсон сайн сайхан зүйлсийг нь дахин санаж, өдөр болгон талархаж байгаарай.
Ихэнх хүмүүст голдоо ортлоо гомдсон, хэзээ ч уучлахгүй гэж боддог хүн байдаг болов уу? Хэрэв тийм бол түүнийг мартаад, уучлаарай. Иймэрхүү сөрөг мэдрэмжийг дотроо хадгалаад явах нь танд ч хортой, магадгүй таны ойр дотнынхонд ч хүндрэлтэй. Тэгээд ч уучлал гэдэг таны уучилж буй хүнд биш, харин таны өөрийн сэтгэлийн амар амгаланд илүү тустай тул тэр хүнд биш өөртөө зориулаад гомдол, үзэн ядалтаасаа салаарай.
Хоол хийхээс залхуураад пицца захиалчихдаг, шөнөжингөө шоудаад өдөржингөө унтчихдаг, нойргүй явсан ч ядардаггүй, дуртайгаа идсэн ч таргалдаггүй үе чинь өнгөрч байгаа учраас одооноос эрүүл мэнддээ анхаарч, ухаалаг сонголтуудыг хийж эхлээрэй. Зөв хооллох, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх зэргийг өдөр тутамдаа хэвшил болгохын зэрэгцээ өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, гэнэтийн өвчин эмгэгээс сэргийлээрэй.
Өдөр бүрийг ажил, гэрийн хооронд өнгөрөөгөөд, амралтын өдрөөр унтах, зурагт үзэх, гэр цэвэрлэхээс хэтрэхгүй байсаар он жилүүдийг үдсээр байвал та амьдралаас жинхэнэ баяр баяслыг мэдэрч чадахгүй. Танд уг нь хийхийг хүсдэг зүйл өчнөөн л байдаг байх, аялалд гарах, гадаад хэл сурах, хөгжим тоглож сурах гээд л... Гэхдээ эдгээр зүйлсийг мөрөөдөхөөс хэтрэхгүй буюу тодорхой төлөвлөгөө гаргахгүй, хэзээ нэгэн цагт гэсээр байвал таны хүсэл "хүсэл" чигээрээ л үлдэнэ. Тиймээс дараа гэж хойшлуулаад өдөр бүрийг нэгэн хэвийн өнгөрөөгөөд байлгүй бодит өөрчлөлтийг яг одоо хийгээрэй.
30-40 нас бол хуримтлал үүсгэх, хувьцаа бонд худалдаж авах, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх зэрэгт хамгийн боломжтой нас. 20-оод насныхны орлого ийм хэмжээнд арайхан хүрээгүй байдаг бол харин 40-өөс дээш насандаа мөнгөнд санаа зоволгүй, илүү тайван байхын тулд эдгээр санхүүгийн том алхмуудыг хийх цаг нь одоо л болж таараад байна. Хуримтлал үүсгэх нь санхүүгийн байдалдаа анхаарах хамгийн эхний бөгөөд хамгийн амархан алхам. Америкт санхүүгийн зөвлөхүүд 40 нас хүрэхдээ жилийн нийт орлогоо 3 үржүүлсэнтэй тэнцэх мөнгийг хадгалсан байх ёстой хэмээн зөвлөдөг байна. Гэвч хуримтлалыг мөнгөө өсгөх хамгийн удаан арга гэдэг бөгөөд хувьцаа, бонд худалдаж авах нь илүү ашигтай ч гэгддэг. Мөн үл хөдлөх хөрөнгийг маш сайн хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд үнэ нь ихэвчлэн тогтмол өсөж байдаг тул үнэ цэнэ нь өсөхүйц үл хөдлөх хөрөнгө таны хувьд маш сайн хөрөнгө оруулалт болох юм. Тиймээс хуримтлал, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэргийг өөрийн боломжоор хослуулан санхүүгийн найдвартай байдлаа бий болгож эхлээрэй.
Холбоотой нийтлэл: Та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж эхэлсэн үү?