Дебит карт болон кредит картын ялгаа юу вэ?
Бидний хэрэглэж заншсан өөрийн дансанд урьдчилан байршуулсан мөнгөө зарцуулах зориулалт бүхий карт нь дебит карт юм. Харин кредит карт нь та өөрийн бус, банкны мөнгийг зээлэн зарцуулж сарын төгсгөлд эргэн төлөх нөхцөл бүхий карт юм. Гар утсаар бол дебит карт нь урьдчилсан төлбөрт дугаар, кредит карт нь дараа төлбөрт дугаартай адил юм.
Хэрхэн захиалах вэ?
Дебит карт:
Дебит картыг та Khan Bank аппликэйшнээрээ захиалаад шуудангаар үнэгүй хүргүүлэн аваарай.
Мөн интернэт банкаараа ч захиалж болно.
Хугацаа дууссан картаа сунгуулах, гээсэн картаа нөхөн авахыг ч бас Khan Bank аппликэйшнээрээ хийх боломжтой.
Кредит карт:
Та дараах и-мэйл эсвэл утасны дугаарын аль нэгд хандан бидэнтэй холбогдоход банкны ажилтан таны хаягийн дагуу очиж уулзан, кредит карт авахад шаардлагатай мэдээлэл, тусламжийг хүргэнэ:
- credit@khanbank.com хаягт и-мэйл илгээх
- Кредит карт борлуулалтын багийн 7511-3333 дугаарт холбогдох
Мөн та өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандах боломжтой ч, та банкан дээр биш банк тан дээр очвол илүү амар байгаа биз.
захиалсан картаа хэрхэн авах вэ?
Таны захиалсан карт Монгол шуудан ХК-аар таны хүссэн хаягт хүргэгдэх ба та картаа хүлээн авахдаа дугтуйн бүрэн бүтэн, битүүмжлэгдсэн байдлыг сайтар шалгаарай.
Хэрэв та захиалсан хаяг дээрээ картаа өөрийн биеэр хүлээн авах боломжгүй бол таны өмнөөс хүлээн авахаар итгэмжилж буй хүнийхээ мэдээллийг бүртгүүлэн, хүсэлт гаргах боломжтой.
Шинэ картаа хэрхэн идэвхжүүлэх вэ?
Та шинээр авсан кредит болон дебит картаа ХААН Банкны АТМ дээр идэвхжүүлнэ.
- Таны картыг идэвхжүүлэх нэг удаагийн 6 оронтой код таны банканд бүртгүүлсэн утасны дугаарт ирдэг тул та банканд өөрийн одоо ашиглаж буй дугаараа бүртгүүлсэн эсэхээ нягтлаарай.
- Таны шинээр авсан карт ямар нэг ПИН кодгүй байх бөгөөд та АТМ дээр картаа идэвхжүүлэхдээ өөрийн цаашид хэрэглэх 4 оронтой ПИН кодоо зохион оруулна.
- ПИН кодоо мартсан тохиолдолд та өөрийн банканд бүртгүүлсэн утасны дугаараасаа Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт холбогдон үнэгүй сэргээлгэх, эсвэл иргэний үнэмлэхтэйгээ өөрт ойр байрлах салбарт хандан 500 төгрөгийн хураамж төлөн сэргээлгэх боломжтой.
- ПИН кодоо солих бол АТМ-д картаа хийн ПИН КОД цэсэд хандана.
- Картаараа дотоодын вэбсайтуудаас худалдан авалт хийхэд И-ПИН код шаардах ба энэ нь таны картын ПИН кодоос өөр юм. Та И-ПИН код авах бол мөн адил АТМ-д картаа хийн ПИН КОД цэсэд хандана.
Картаа гээсэн бол яах вэ?
Хэрэв та картаа гээсэн бол юуны өмнө аливаа эрсдэлээс сэргийлж Khan Bank аппликэйшнээрээ картаа идэвхгүй болгоорой. Та аппликэйшнээрээ орох боломжгүй бол ХААН Банкны Харилцагчийн Мэдээллийн төвтэй Монгол улсаас 1800-1917, Гадаадаас +976-75071917 утсаар яаралтай холбогдоорой.
Харин дараа нь картаа олсон хойноо аппликэйшнээрээ буцаан нээх боломжтой ба хэрэв олдохгүй бол нөхөн авах захиалга өгөхийг зөвлөж байна. Дебит картыг та аппликэйшнээрээ нөхөн авах боломжтой, харин кредит картыг та ХААН Банкны өөрт ойр салбарт хандан нөхөн аваарай.
Кредит карт гэж юу вэ?
Кредит карт гэдэг нь танд олгох зээлийг картанд байршуулсан хэлбэр юм. Таны хэрэгцээнээс шалтгаалаад 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг хүртэлх зээлийн эрхтэй төрөл бүрийн кредит картуудыг ХААН Банк санал болгодог. Танд мөнгөний хэрэгцээ гарсан үед кредит картаараа худалдан авалт хийгээд эсвэл бэлэн мөнгө аваад 50 хоногийн дотор буцаан төлөх нөхцөлтэй.
Зээлийн хүү нь хэд вэ?
Та картаараа бэлэн бус гүйлгээ хийхэд буюу ПОС төхөөрөмж дээр картаа уншуулж худалдан авалт хийх болон онлайнаар картын дугаараа ашиглан худалдан авалт хийхэд сарын хүү нь 2% (жилийн 24%). Харин та картаараа бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд буюу кредит картаасаа шилжүүлэг хийх, АТМ-аас бэлэн мөнгө авах, cashback үйлчилгээгээр бэлэн мөнгө авах зэрэгт сарын хүү нь 2.5% (жилийн 30%).
Харин та Нэхэмжлэгдсэн нийт төлбөрөө хугацаандаа багтаан бүрэн төлбөл бэлэн бус гүйлгээнд хүү тооцдоггүй. Тэгэхээр 50 хүртэлх хоногийн хугацаатай, хүүгүй зээл гэсэн үг байгаа биз?
Зээлийн төлбөрийг хэрхэн тооцдог вэ?
Таны ашигласан нийт дүн болон гүйлгээний жагсаалтыг багтаасан нэхэмжлэлийг банк танд сар бүрийн 4-ний өдрөөр тасалбар болгон тухайн сарын 5-10-ны хооронд таны и-мэйл хаягаар илгээдэг.
Та сар бүрийн 27-ны өдрийн 21:00 цагаас өмнө нэхэмжлэлд дурдсан төлбөрийн доод хэмжээгээ заавал төлөх шаардлагатай. Жишээлбэл 3-р сарын 5-ны өдрөөс 4-р сарын 4-ний өдрийг дуустал хэрэглэсэн мөнгөө 4-р сарын 27-ны өдрийн 21:00 цагаас өмнө төлнө гэсэн үг юм.
Хугацаандаа төлж чадахгүй бол яах вэ?
Та нэхэмжлэлд ирсэн нийт дүнг төлж чадахгүй байлаа ч хамгийн багадаа 10%-ийг нь болон түүнээс дээш ямар ч дүнг төлөх боломжийг банк танд олгодог. Үүний давуу тал нь таныг зээлийн муу түүх үүсгэхээс хамгаалах хэдий ч бүрэн төлөөгүй тул бэлэн гүйлгээний хүүнээс чөлөөлөгдөхгүй.
Харин та ямар нэгэн шалтгаанаар (автоматаар суутгагдах дансны улдэгдэл хүрэлцээгүй гэх мэт) төлбөрийн доод хэмжээгээ хугацаандаа буюу тухайн сарынхаа 27-нд төлж чадаагүй тохиолдолд таны зээл хугацаа хэтэрсэнд тооцогдож, хугацаа хэтэрсний шимтгэл төлөх болно гэдгийг анхаараарай. Иймээс кредит картын төлбөрөө автоматаар татуулахаар сонгосон дансандаа сарын 27 гэхэд хангалттай үлдэгдэл байгаа эсэхийг нягтлаарай.
Кредит картын дансаа хэрхэн хянах вэ?
- Кредит карт авахад танд “Ухаалаг мэдээ” үйлчилгээ үнэгүй дагалддаг буюу таны дансанд орлого, зарлага хийгдэх бүрд таны бүртгэлтэй утасны дугаарт мессеж илгээгддэг.
- Мөн та Интернэт банк (khanbank.com), эсвэл Khan Bank аппликэйшн рүү өөрийн эрхээр нэвтрэн, КАРТ – КРЕДИТ КАРТ цэс рүү хандан, кредит картын дансны хуулгаа шалгаж болно.
Кредит карт нь зээл авахаас гадна
өөр ямар үр ашигтай вэ?
Кредит картын гол давуу талуудын нэг нь төрөл бүрийн лояалти байгууллагын хөнгөлөлт, урамшууллууд билээ.
ХААН Банкны кредит карттай харилцагчдын хувьд 200 гаруй байгууллагуудад 3-30%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй байдаг ба тэмдэглэлт баярын өдрүүдээр онцгой урамшуулал, буцаан олголтын аянуудад хамрагдан хөнгөлөлт болон бэлэн мөнгөний буцаалт авдаг. Кредит карт нь зөвхөн зээлийн карт төдийгүй мөн хэмнэлтийн карт юм.
Ямар шаардлагууд тавигддаг вэ?
- 22 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх.
- Цалин эсвэл бизнесийн тогтмол орлоготой байх. (Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сарын хугацаанд тасралтгүй ажилласан байх, харин бизнесийн орлоготой тохиолдолд тус бизнесээ сүүлийн 12 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх.)
- Кредит карт хүсэгч нь ХААН Банкны болон бусад банкны зээлтэй байж болох ба тухайн зээл нь хэвийн төлөлттэй байх.
Кредит картын төлбөрөө хэрхэн онлайнаар төлдөг вэ?
Төлбөрөө төлөх гээд л сар болгон банк ороод, дараалалд хүлээгээд зогсоно гэж бодож байна уу? Үгүй шүү, зүгээр сууж байгаад л төлөх олон аргууд байна:
- ХААН Банкны өөр данснаасаа автоматаар суутгуулах гэрээ хийх
- Интернэт банк ашиглан төлөх
- Khan Bank аппликэйшн ашиглан төлөх
- АТМ ашиглан төлөх