Энэхүү нийтлэлийг 2020.06.22-ны өдөр орон сууцны зээлийн шинэ нөхцөлд уялдуулан шинэчилсэн болно.
Байр орон сууц худалдан авах, байрны зээл хөөцөлдөх гэдэг учир нь олдохгүй, цаг хугацаа их шаардсан ажил мэт санагддаг уу? Таныг бичиг баримт хөөцөлдөж, банкны салбарт дахин дахин ирж цаг алдахаас сэргийлэхийн зэрэгцээ зээлийн хүсэлт гаргаснаас хойш болдог бүх процессыг тайлбарлах зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
Харилцааны менежертэй уулзалт хийх
Орон сууцны зээл авах хамгийн эхний алхам бол өөрт ойр байрлах банкны салбарт хандан Харилцааны менежертэй (бидний нэрлэж заншсанаар Зээлийн эдийн засагч) уулзалт хийх юм. Энэ уулзалтын үеэр таныг орон сууцны зээл авахад тавигдах шаардлагуудад хэрхэн нийцэж байгааг дүгнэн, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг өгдөг. Харилцааны менежер таны болон таны хамтран зээлдэгчийн санхүүгийн байдал, орлого зарлагатай танилцан танд ямар хэмжээний зээл гарах боломжтойг судалж өгнө. Та өөрийн авахыг сонирхож буй байрны үнэ, урьдчилгаа төлбөрт хэдэн төгрөг төлөх боломжтой байгаа зэрэг мэдээллээ солилцсоноор Харилцааны менежер танд анхаарах зүйлсийг хэлж өгч, мөн танд ямар боломжууд байгааг танилцуулах болно.
Зээлийн хүсэлтээ өгнө
Бидний танд санал болгож нэгэн шинэ давуу тал бол худалдан авах байр, орон сууцаа сонгохоосоо өмнө зээлээ урьдчилан судлуулах юм. Та шаардлагатай бичиг баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлж, урьдчилгаа төлбөрөө байршуулснаар банк таны зээлийн хүсэлтийг хүлээн авна. ХААН Банкны орон сууцны зээлийн нөхцөлийн хувьд нийт үнийн дүнгийн 20%-ийг урьдчилгаанд төлсөн байх шаардлагатай ба жилийн хүү нь 15-18% (сарын 1.25-1.5%) болж буурсан. Түүнээс гадна өөрийн нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгө нэмэлтээр барьцаалснаар урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулах боломжтой.
Зээлээ урьдчилан судлуулах тохиолдолд
анхаарах зүйлс:
- Та урьдчилж судлуулахын тулд зээлийн хүсэлт гаргадагтай адилаар өөрийн орлогыг нотлох бичиг баримтаа бүрдүүлэн ХААН Банкны хүссэн салбартаа хандан хүсэлт гаргаснаар таны зээл авах боломжит хэмжээг тогтоож өгөх ба 90 хоногийн хугацаатай батламж албан бичиг олгоно. Энэ хугацаанд та худалдан авах орон сууц сонгосноор дахин зээлийн хүсэлт гаргалгүйгээр буюу цаг алдалгүйгээр хүссэн байраа авах боломжтой.
- Мөн энэ хугацаанд та болон таны хамтран зээлдэгч банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй байх шаардлагатай. Учир нь зээл авсан тохиолдолд таны өр орлогын харьцаа өөрчлөгдөх буюу дахин судлуулах шаардлагатай болно.
- Батламж албан бичиг батлагдсанаас хойш эхний 30 хоногт та дахин бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр сонгосон орон сууцаа худалдан авна. Харин 31-90 хоногийн дотор орон сууцаа сонгосон тохиолдолд та болон таны хамтран зээлдэгчийн сүүлийн саруудын орлого хэвийн орсон гэдгийг НД болон дансны орлогоор дахин баталгаажуулна.
- Хэрэв 90 хоног хэтэрсэн эсвэл сүүлийн саруудын орлого өөрчлөгдсөн тохиолдолд дахин зээлийн хүсэлт гаргах шаардлагатай болохыг анхаараарай.
- Мөн та хүсэлт гаргасан тохиолдолд батлагдсан зээлийн дүнгээс бага дүнгээр зээл авах боломжтой.
Байр, орон сууцаа сонгон худалдан авах
Танд банкнаас тогтоож өгсөн зээл авах боломжит дүнгийн хүрээнд та байр, орон сууцаа сонгоно. Харилцааны менежер тантай холбогдон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар зөвлөгөө өгнө. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ таны нэр дээр шилжсэний дараа банк тантай зээлийн гэрээг байгуулна. Үүний дараагийн алхам нь үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд түүнтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэхэд Харилцааны менежер танд тусална. Улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа таны нийт төлбөр худалдагч талд шилжиж, улмаар та орон сууцандаа орох эрхтэй болно.
Зээл төлөлт
Зээлийн гэрээ байгуулахад Харилцааны менежер танд зээлийн эргэн төлөлтийн графикийг танилцуулна. Таны санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банк ихэвчлэн тэнцүү төлөлтийн аргаар таны зээлийн эргэн төлөлтийг хүлээн авна. Энэ нь сар бүр ижил дүнгээр эргэн төлөлт хийнэ гэсэн үг юм. Тэнцүү төлөлтийн графикийн нэг онцлог нь эхэн үед таны үндсэн зээлийн төлөлт арай бага, хүүний төлөлт арай их байх ба зээлийн хугацааны төгсгөл рүү ойртох тусам үндсэн зээлийн төлөлт ихсэж, хүүний төлөлт багасдаг. Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн тогтмол өдөр таны данснаас автоматаар суутгадаг. Хэрэв та хугацаанаас өмнө төлөлт хийсэн тохиолдолд тухайн дүн нь таны үндсэн зээлээс хасагдах буюу таны зээлээ төлдөг өдөр автомат суутгалт хийгдсээр байна гэдгийг санаарай.