Ихэнх бизнес эрхлэгчид эдийн засгийн хямралын үеэр бизнесээ өргөжүүлэн тэлэх, шинэ бизнес эхлэхээс зайлсхийх нь мэдээжийн хэрэг. Гэвч ямар нэг зүйл хийхгүй байх нь аюулгүй гэсэн баталгаа байхгүй бөгөөд чадварлаг бизнес эрхлэгчид бол ямар ч үед шинэ санаа сэдэж, үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжин тэлэх арга хэмжээ авч байдаг. Хямралыг дагаад хямраад суухын оронд юу хийж чадахаа туршаад үзэхээр шийдсэн бол таны хамгийн эхний алхам нь зардлууддаа анализ хийх юм. Зардал бүрээ 80/20-ын зарчмаар хянаж, үр дүнтэй багатай зардлуудаа хасаж, хамтрагч байгууллагуудтайгаа хөнгөлөлт, урамшууллын хэлцэл тохиролцоо хийх боломжуудыг хайж, өндөр үр дүнтэй үйл ажиллагаагаа таньж мэдэн түүндээ илүү хөрөнгө оруулалт зарцуулах арга замыг олох хэрэгтэй.
Бизнес эрхлэгчид өдөр тутмынхаа үйл ажиллагаа, ирээдүйн стратеги төлөвлөгөө хоёртоо цагаа зөв хуваарилахдаа хамаг анхаарлаа хандуулж байх зуур компанийнхаа үйл ажиллагааг цогцоор нь хянаж, хэмжих цаг тэр бүр олдоод байдаггүй. Тэгвэл эдийн засгийн эргэлт удааширч, танд ердийнхөөс арай илүү цаг олдож буй энэ үеийг үйл ажиллагаа, процессоо нарийн хянаж, алдаа оноогоо дэнслэхэд зарцуулаарай. Хямралын үед үйл ажиллагааны үр бүтээмжтэй байдал хамгийн чухал бөгөөд өгөөж багатай бүтээгдэхүүн, ур чадвар султай ажилтан, чанар муутай төхөөрөмжөөсөө салах цаг нь одоо билээ. Танаас 80%-ийн зардал, хүч хөдөлмөр шаардаад 20%-ийн л үр шимээ өгч байгаа бүх зүйлийг илрүүлэн, нэн даруй зогсоогоорой.
Шинэ гайхалтай юм бүхэн ямар нэг нийтэд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх байдлаар бүтсэн байдаг. Түүнээс гадна хямралын үед ихэнх бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа нь танд оногдож буй зах зээл эзлэлтийг улам л өргөжүүлж байна гэсэн үг гэдгийг санаарай. Эдийн засгийн нөхцөл байдал хүн бүрийн амьдралын хэв маягийг өөрчилж байгааг харгалзан үзээд тэдэнд тулгараад буй энэхүү өөрчлөлтөд хэрхэн тус дэм үзүүлэх вэ, тэдэнд юу хэрэгтэй байна вэ, ямар боломжуудыг санал болгох вэ гээд бодоод үзвэл танд олон санаа төрнө гэдэгт итгэлтэй байна. Зорилтот зах зээлээ дахин судалж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь анзаарч, тэдний нөхцөл байдалд тааруулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэх, шинийг санал болгох нь цаг үеэ олсон оновчтой шийдэл болох юм.
Эдийн засгийн хямрал хүн бүрд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж, хэнд ч тусламж дэмжлэг илүүдэхгүй болоод байгаа энэ цаг үед ухаалаг бизнес эрхлэгч та өөрт хамгийн чухал хамтрагчдадаа бодит үнэ цэнийг хүргэж, харилцаагаа бэхжүүлээрэй. Хамтрагч гэдэгт таны бизнесийг амжилттай авч явахад үнэт хувь нэмрээ оруулж буй хүн бүрийг хамруулан ойлгоорой: бизнесийн итгэлт түнш, үнэнч үйлчлүүлэгч, үнэмлэхүй үр бүтээмжтэй ажилтан зэрэг эдгээр хүмүүс бол танд 20%-ийн хүчин чармайлтаар 80%-ийн үр бүтээмжийг авчирч буй нэн чухал хүмүүс юм. Тэдэнд хөрөнгө оруулалт хийх нь одоо ч, ирээдүйд ч ашигтай – үнэ цэнээ танд үргэлж авчирсаар байх болно.