Зөвлөгөө

Чадварлаг ажилтнуудыг юу залхаадаг вэ?

Written by Khan Business | Jun 4, 2020 7:53:31 AM

Жижиг хоолны газар ажиллуулдаг ч бай хэдэн зуун хүнтэй компанийн эзэн ч бай та бүх ажлаа ганцаараа хийж чадахгүй гэдэг нь дэлхий бөөрөнхий гэдэг шиг хэн бүхэнд ойлгомжтой зүйл. Гэвч багийн гишүүд, ажилтнуудынхаа хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, алхам бүрд нь оролцохгүйгээр ажил амжилттай урагшлах эсэхийг яаж мэдэх вэ? Эцэст нь таны хөрөнгө оруулалт, таны бизнесийн амжилт цаашлаад нэр хүндийн асуудал шүү дээ.

"Micromanaging" гэх монгол хэлэнд орчуулагдаагүй байгаа бизнесийн шинэ нэр томьёог та сонссон байх. Нэгэн судалгаагаар халагдах өргөдлөө өгсөн ажилтнуудын 60 хувь нь дээрх "micromanaging" боссын арга барил таалагдаагүй гэсэн хариу өгсөн гэж дүгнэжээ. Бизнесийн ертөнцөд аливаа компани, аж ахуйн нэгж шинэлэг санаа, баг хамт олны зүтгэлээр хувьсаж, хүчирхэгжиж байдаг. Хэдэн мянган ажилтантай алдарт 3М компанийн үүсгэн байгуулагч Виллиам МакНайт "Сайн хүмүүс ажилд ав. Тэгээд тэднийг тайван орхи." гэж зөвлөсөн байдаг. Тиймээс танд хэрхэн чадварлаг ажилтнуудаа залхаасан “micromanager” байхаас сэргийлж, багийн гишүүдтэйгээ илүү үр дүнтэй хамтран ажиллаж, оновчтой удирдан чиглүүлэх талаар дараах аргуудыг танилцуулъя.

 

Тэдэнд ямар үр дүн хүлээж байгаагаа тодорхой танилцуул. 
Хэрхэн хийхийг тэдэнд үлдээ.

 

Та багаа бүрдүүлэхдээ мэдээж оногдсон ажил үүргээ хамгийн сайн гүйцэтгэж чадна гэж итгэсэн хүмүүсээ сонгосон. Тэд өөр өөрсдийн хариуцсан үүргээ гардаж харин та компанийн хэтийн төлөв, стратеги гэх бусад зүйлээ тодорхойлоход төвлөрөх хэрэгтэй. Үр дүн нь яг адилхан байх ажлууд дээр хажуугаас оролцож бүх зүйлсийг өөрийнхөөрөө хийх гэх нь танд ч, таны ажилтнуудад ч нэрмээс болно.

 

Ажилтнууддаа алдаагаа засах боломж өг.

 

Ямарваа ажил дээр алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй. Өөрт таалагдаагүй зүйлсийг хуруугаараа зааж бухимдан өөрөө эхнээс нь хийх гээд байдаг удирдлагууд бий. Энэ нь удирдлага дээр ачаалал нэмэх, тухайн ажилтан энд хэрэггүй мэт сэтгэгдэл төрүүлэх, хаана хаанаа хэрэггүй үйлдэл юм. Харин өөрчилмөөр байгаа зүйл дээрээ санаа хэлж тухайн багийн гишүүнд сайжруулалт хийх даалгавар өгөх нь түүнд итгэж байгаагийн илэрхийлэл шүү дээ. 

 

Багийн гишүүдийн шинэлэг санааг туршиж үзэх.

 

Альфа байх гэдэг нь амьтны ертөнцөд илүү хамаарах дүрэм. Альфа нь сүргээ удирдаж чиглүүлнэ. Харин хүн төрөлхтөн санал бодлоо солилцож харилцан сайжирч байж л хүчний пирамидын оройд гарсан гэдгийг мартаж болохгүй. Бид аливаа зүйлийг байнга олон талаас нь харж чадахгүй бөгөөд бусдын санал, харах өнцгийг сонсох нь асар том боломж бидэнд олгодог. Харин таны саналаас өөр асуудал дэвшүүлсэн болгоныг дараад байвал, хүмүүс танд найдахаа болих бөгөөд хамгийн аюултай нь таныг хүндлэх хүндлэл дагаад унтрахгүй гэсэн баталгаа байхгүй.

Багийн гишүүдээ сонс, тэдэнд санаагаа хэрэгжүүлэх бололцоо олго, хамгийн чухал нь тэдэнд алдаж онох боломжийг өг. 

 

Бизнес эрхлэгч танд зориулсан ХААН Бизнес үйлчилгээний танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.