Зөвлөгөө

Удирдах арга барилаараа ажилтнуудынхаа үнэнч байдлыг нэмэгдүүлэх нь

Written by Khan Business | Jun 8, 2020 6:34:08 AM

Жижиг, дунд бизнесийн амжилт нь тухайн компанийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй нягт холбоотой байдаг. Цөөн тооны ажилтнууд дор бүрээ ажлаа өндөр гүйцэтгэлтэй хийх нь бизнесийн хурдтай өсөлтийн үндэс болохын зэрэгцээ ганц чанаргүй ажил үйлчлүүлэгчдийн итгэлийг алдах өндөр эрсдэлтэй. Үүнд танай компанийн ажилчдын ур чадвар төдийгүй, ажилдаа сэтгэлээсээ хандах байдал тун чухал.

Ур чадварыг тухайн хүн өөрийнхөө оюуны чадамжийн хүрээнд ажлын туршлагадаа тулгуурлан тодорхой хугацаанд олж авдаг бол чин сэтгэл нь тухайн хүний суурь хүмүүжил болон удирдлагынхаа хувьд та ажилтнуудаа хэр сэтгэл хангалуун байлгаж, хүндэтгэлийг нь хүлээж, ажилдаа хандах хандлагыг нь эерэг болгож буйгаас шалтгаална. Тэгвэл удирдлагын ямар зан чанарууд ажилтнуудынхаа итгэлийг төрүүлж, хүндэтгэлийг хүлээж, үнэнч байдлыг нэмэгдүүлдэг вэ?

 

Нээлттэй харилцаа

 

Удирдлага ба ажилтан хоорондын шударга байдлыг бий болгохыг тулд удирдагч та өөрөө эхлээд нээлттэй байдлыг бий болгох хэрэгтэй. Компанид болж буй үйл явц, сайн ч бай муу ч бай мэдээ зэргийг ажилтнуудтай нээлттэй хуваалцдаг байснаар нэгт та тэдний итгэлийг олж авна, мөн тэдэнд би бол энэ байгууллагын нэг чухал хэсэг гэсэн өөриймсөг мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэдрэмжийг өдөр тутамдаа авдаг ажилтан ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, өндөр бүтээмж гаргаж, ажлаа орхиж явах нь бага байдаг.

 

Итгэл үзүүлэх

 

Өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан, micromanaging буюу ажилтандаа итгэл үзүүлэхгүй байх, үйлдэл бүрийг нь хянах, жижиг деталь бүрд хошуу нэмэрлэх нь таны бизнест амжилт авчрахгүй. Яагаад вэ гэдгийг энд дарж дэлгэрэнгүй уншиж үзээрэй. Харин тэдэнд итгэл үзүүлж тухайн ажлыг бүрэн даатгах нь ажилдаа өөриймсөг хандах болон итгэл алдахгүйг хичээх тэрхүү хариуцлага хүлээсэн мэдрэмжийг өгч, өөрийн ажилдаа эзэн болоход нь тусалдаг.

 

Үлгэр жишээ байх

 

Лидер болон боссын ялгаа гээд л үүрэг даалгавар өгдөг болон үүрэг даалгаврыг хамтдаа гүйцэтгэдэг хоёрыг харьцуулсан богино видео, зурган нийтлэлийг та өчнөөн л харж байсан байх. Эдгээрийн гол санаа нь удирдагчийнхаа хувьд та өөрийгөө ажилтнуудаасаа тусгаарлаад байлгүй хамтдаа зүтгэхийг илэрхийлсэн байдаг. Монголчуудын хэлдгээр туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг жижиг, дунд бизнесийн эзэн та шаардлагатай үед ажилтнуудтайгаа ойр байж, зарим ажлуудыг хамтран хийх нь таны ажилсаг, хөдөлмөрч байдлыг даган дуурайх, илүү их хичээх үндэс болно.

 

Тодорхой чиглэл өгөх

 

Нэг хамт олны хувьд танай компанийн ажилчид нэг зүгт харж, нэг зорилгод тэмүүлж, нэгдсэн үнэт зүйлийг баримтлах учиртай. Харин үүнийг чиглүүлэх хүн нь удирдагч та юм. Хүн хийж буй ажлынхаа утга учир, үнэ цэнийг нь ойлгож мэдэрдэг байж илүү сэтгэлээсээ ажилладаг тул удирдагч нь ажилтнууддаа тэдгээрийг байнга сануулж, ажиллах урам зоригийг нь бадрааж байх нь маш чухал. Үгүй бол тэд ажилдаа өглөө ирээд, орой явдаг, амьдралаа залгуулах арга хэрэгсэл төдий л хандах болно.

 

Ажилтныхаа хөгжил, дэвшилд анхаарах

 

Хэн ч үүрд нэг хэвэндээ, нэг байрандаа байгаад байхыг хүсэхгүй. Ажилдаа, амьдралдаа тодорхой хэмжээний ахиц дэвшил гаргахын хүсдэг. Сайн удирдлагын доор хүн тогтмол хөгжиж, суралцаж, тэр ч чинээгээрээ удирдлагаа хүндэтгэх хүндэтгэл нь нэмэгддэг. Хэрэв та ажилтнаасаа чин сэтгэлийг хүсэж байгаа бол өөрөө ч тэдэнд чин сэтгэлээсээ хандаж, хийж буй ажил нь танай байгууллагад ямар үнэ цэнийг авчирч байгаа, хэрхэн сайжруулах, юун дээр анхаарах зэргийн тухай ярилцаж, санал бодлоо илэрхийлж байгаарай.

 

Хүн шиг хандах

 

Өнөө үеийн нийгэм цаг үеийн хурдтай хөгжил, байнгын зав чөлөөгүй байдалд хүн ажлын өндөр ачаалал авч, зав чөлөөгүй байж, өөрсдийгөө робот мэт мэдрэх нь элбэг болоод байна. Харин жинхэнэ лидер энэхүү асуудалд мэдрэмжтэй хандаж, ажилтнаа ардаа гэр бүлтэй, амьдралтай хүн гэдгийг нь ойлгож байгаагаа жижигхэн үйлдлээрээ ч илэрхийлэн, талархах сэтгэгдлийг төрүүлж чаддаг. Тэмдэглэлт өдрүүдээр бэлэг өгөх, хэрэгтэй үед нь тусламжийн гараа сунгах, гараар бичсэн талархлын захидал илгээх зэрэг бяцхан зүйлс л хүний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж,байгууллагад хүнлэг уур амьсгалыг бүрдүүлнэ.

Эдгээр бүгдийг үзүүлээд байхад өөдгүй зан гаргадаг хүмүүс цөөнгүй тохиолдох ч та тэднээс эргэлзэх зүйлгүй салж, урт хугацаандаа шүүгдээд үлдсэн үнэнч сэтгэлтэй ажилтнуудтайгаа, эерэг дулаан байгууллагын соёлтойгоо үлдэх болно.

 

Бизнес эрхлэгч танд зориулсан ХААН Бизнес үйлчилгээний танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.