Зөвлөгөө

Сэтгэл зүйд үндэслэсэн маркетинг – 2

Written by Khan Business | Dec 7, 2020 10:41:00 AM

Өмнөх нийтлэлээрээ бид танд хүний сэтгэл зүйд үндэслэн оновчтой маркетинг хийх дизайны жишээнүүдийг хүргэсэн бол энэ удаад агуулга, хэлбэрийн хувьд хэрхэн хэрэглэгчийн сэтгэл зүйд хоногшин үлдэх аргуудаас хуваалцаж байна.

 

Logic VS Emotion
Логикт үндэслэсэн болон сэтгэл хөдлөлд үндэслэсэн маркетингийн тактикийг оновчтой сонгох

 

Сүүлийн үед хүний сэтгэлийг хөдөлгөж, түүх өгүүлсэн маркетинг сурталчилгаа хүмүүсийн анхааралд их өртөж байгаа. Анзаарвал тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь зах зээлд гараад удаж байгаа, олонд танигдсан, хэрэглээ, давуу талыг нь хүмүүс сайн мэддэг зүйлс байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг эмоцид үндэслэн сурталчлах нь тухайн бүтээгдэхүүнийг сонгох шинэ өнцөг болж өгдөг. Харин шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч сайн мэдэхгүй тул яагаад хэрэгтэй вэ гэдгийг таниулсан логикт үндэслэсэн сурталчилгаа илүү оновчтой юм.

 

Quality over quantity
Сурталчилгаагаа тараан байршуулах

 

Цаг минут тутамд, хаа сайгүй сурталчилгаагаа тавьж, зурагт фм-ээр байнга ар араас нь цацаж байж хэрэглэгчдийн анхааралд өртөнө гэх үзэл бодол байдаг. Гэвч үнэндээ энэ нь хүмүүсийг залхааж, танай брэндийг дахин харахад сөрөг сэтгэгдэл төрөх хүртэл муу нөлөөтэй. Сурталчилгаагаа хооронд нь цаг хугацаа, орон зайтай байрлуулж, өгөх гэж буй мэдээллээ бага багаар, системтэйгээр, үр дүнтэйгээр хүргэснээр хэрэглэгчийн ой тоонд илүү цэгцтэй тогтож үлдэн, худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

 

Less is more
Зураг, текстээр өгч буй мэдээллийн балансыг тааруулах

 

Нэг зураг дотор өчнөөн мэдээлэл, эрээн алаг зураг орсон загварууд байдаг. Хэрэгцээтэй бүх мэдээллийг нэг дор өгөх гэсэн логикоор ийм загварууд хийгддэг ч харж буй хүндээ нэг ч мэдээлэл өгч чаддаггүй. Учир нь мэдээллээр дүүрэн өнөөгийн нийгэмд хүн их мэдээлэл авах, анхаарал төвлөрөх чадвар нь маш сул байгаа. Хэрэглэгч таны маркетинг постероос ганц л мэдээллийг хүлээж авч чадна, чадахгүй ч байж магадгүй гэж үзвэл таны хүргэх гол мессеж юу вэ? Түүн дээр төвлөрөх хэрэгтэй. Хэрэв текст зайлшгүй урт байхаар байвал зураг нь өнгөний тон багатай байж анхаарлыг зөв хуваарилах зэргээр чухам юунд төвлөрөхийг чиглүүлдэг.

 

It's not “one size fits all”
Царайлаг моделийг зөв ашиглах

 

Царайлаг модел сурталчилгаандаа ашиглан анхаарал татах аргачлал хамгийн их хэрэглэгддэг. Гэвч бүх бүтээгдэхүүнийг царайлаг моделийн зурагтайгаар сурталчлах нь оновчгүй юм. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, урлаг, гоо сайхан, хувцас загвар, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд царайлаг модел тохирч болох ч технологи, гар утас, компьютер, оффис гэрийн тавилга, хоол хүнс зэрэгт моделийн царай ямар ч логик холбогдолгүй буюу сурталчилгааны гол мессеж, анхаарлын төвийг хуваах эрсдэлтэй.